Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн тэргүүтэй төлөөлөгчид Орхон МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Орхон аймгийн МСҮТ нь 1980-аад оны сүүлчээр байгуулагдсан Эрдэнэт хотын ууган мэргэжлийн сургууль юм.
Сүүлийн жилүүдэд Эрдэнэт хот өргөжин тэлэхийн хэрээр мэргэжилтэй ажиллагсдын хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна. Тэр ч утгаараа Орхон аймгийн төр захиргааны удирдлагуудын анхаарлыг Мэргэжлийн боловсролын сургалтад хандуулсан нь цаг үеэ олсон ажил боллоо.
Сургуулийн захирал Д.Хүрэлбаатар товч мэдээлэл өгсний дараагаар хичээлийн анги танхим, дадлагын газруудаар орж оюутнуудын хичээллэж байгаа байдалтай танилцан, хүүхдүүдтэй илэн далангүй ярилцлага өрнүүллээ. Мөн Бүсийн арга зүйн төвийн үйл ажиллагаатай ч танилцсан. Гол нь хүүхдүүдийн дадлага ажлаар хийсэн, бүтээсэн эд зүйлсийг үзэж сонирхон өөрсдийн санал бодлыг хэлж байв.
Энэ үеэр тус сургуульд тулгамдаад байгаа зарим асуудлууд ч хөндөгдсөн. Тухайлбал, сургуулийн барилга нэлээд хуучирч муудсан, дээвэр нь муудсанаас дусаал гоождог, оюутан сурагчдын дадлагын байр дутмаг байхад гадны хоёр ч хувийн компани зарим өрөө тасалгааг нь эзэгнэн ямар ч түрээс төлөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг асуудлууд ч яригдав. 15 аймгаас оюутнууд ирдэг, 1000 орчим суралцагчидтайгар үйл ажиллагаа явуулж байгаа ч дотуур байргүй байгаа нь бас нэг дутагдалтай тал юм. Сүүлийн жилүүдэд тус МСҮТ-ийн багш нар нэлээд залуужиж байгаа нь сайн хэрэг ч багш нарын нийгмийн асуудал орхигдож байгаа нь харамсалтай. Өнөөдөр залуу боловсон хүчнүүд орон байрны хүрэлцээгүй, халаасны өрөө хөлслөх, аав, ээжийн хамт амьдарцгаах нь нэлээд түгээмэл байгаагаас өөрсдийгөө бие даан хөгжүүлэх бололцоо дутмаг байдаг.
Хэдийгээр орон нутаг дахь МСҮТ-үүд Хөдөлмөрийн яамнаас босоо удирдлагатай үйл ажиллагаа явуулдаг ч тухайн орон нутгийн хүүхэд залууст боловсрол олгодог, хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй ажилтан бэлтгэн гаргадаг тул орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай нягт хамтын ажиллагаатай байх шаардлагатай юм.