Шинэчлэлийн Засгийн газраас “Ажилтай орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг
хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд танай аймаг он гарсаар хэдэн ажлын байр бий
болгоод байна вэ?
-Шинэчлэлийн Засгийн газар Хөдөлмөрийн яамыг шинээр байгуулж аймаг, дүүрэгт
хөдөлмөрийн хэлтсүүдийг байгуулж үйл ажиллагаа эхлээд 9 сарын хугацаа өнгөрч
байна. Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтэс 25 хүний бүрэлдэхүүнтэй хөдөлмөр эрхлэлт,
жижиг, дунд үйлдвэрлэл, сум хөгжүүлэх сан, мэргэжлийн боловсрол сургалт,
хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг асуудлыг эрхлэн ажиллаж
байна. Үндсэндээ шинэчлэлийн Засгийн газрын “Ажилтай орлоготой Монгол хүн”
үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нэгж гэж ойлгож болно.
Хөдөлмөрийн хэлтэст 9 сарын байдлаар аж ахуй нэгж байгууллагуудаас 1459 ажлын
байрны захиалга ирснээс 1141 хүнийг ажилд зуучилж, мөн 900 байнгын, шинэ
ажлын байр бий болгох төлөвлөгөөтэйгээс өнөөдрийн байдлаар 614 байнгын, 436
улирлын ажлын байранд зуучлах үйлчилгээ үзүүллээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийн
болон Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлтэй зээлээр бий болж буй ажлын байрыг тооцож
үзвэл төлөвлөсөн ажлын байрныхаа тоог давуулан биелүүлэх боломжтой үр дүн
харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл жилийн эцэст 900 байнгын шинэ ажлыг байр бий
болгох зорилт бүрэн хэрэгжих боломжтой юм.
Аймгийн Засаг даргын Тамгын газраас Хөдөлмөрийн хэлтсийг хэрхэн дэмжиж
байна вэ?
-Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ажилтай орлоготой
Монгол хүн” гэсэн бүлгийн хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд үйлдвэр, хоршоо,
ахуйн үйлчилгээ, хөдөлмөрийн харилцааны асуудал манай Хөдөлмөрийн хэлтсийн
ажилтай холбоотой. Тиймээс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн бидний ажлыг бүх
талаараа дэмжиж ажилладаг. Хуучин хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс
гэж байсныг та бүхэн мэдэж байгаа.
Хөдөлмөрийн хэлтэс үйл ажиллагаагаа эхлэхэд оффисын байрны асуудал хүнд
байсан. Энэ асуудлыг Аймгийн Засаг даргын тамгын газраас Бизнес инкубатор
төвийн зориулалтаар баригдсан инженерийн байгууламжид холбогдсон гурван
давхар барилгад оруулж бидний ажиллах бүхий л нөхцөл боломжоор дэмжиж ажиллаж
байгаа.
Мөн суманд Хөдөлмөрийн хэлтсээс төлөөлөн ажиллах орон тоо байгаагүй. Үүнийг
Сумын мал эмнэлэг үржлийн албаны дэргэд хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд
үйлдвэрийн асуудал хариуцсан орон тооны мэргэжилтэнтэй болгон тэдний
ажиллах техник тоног төхөөрөмжийн асуудлыг ч шийдвэрлэж өгсөн.
Хөдөө орон нутагт ажилгүйдэл их байдаг талаар маш их яригддаг шүү дээ. Үүний
голлох шалтгаан нь юу юм бол?
-Бид хөдөлмөрийн зах зээлийн үндсэн судалгааг хийж байгаа. Судалгааны дүн
гараагүй байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар Хөдөлмөрийн хэлтэст идэвхтэй ажил
хайж байгаа бүртгэлтэй 891 хүн байна. Нийт ажил хайж байгаа хүнийг насаар нь
ангилж үзвэл 24-35 насныхан дийлэнх хувийг эзэлж байгаа. Мэргэжлээр нь авч
үзвэл 14.6 хувь нь багш, нягтлан, эдийн засагч гэсэн дээд боловсролтой иргэд
дийлэнх хувийг эзэлж байна. Эдгээр хүмүүст ажиллах мэргэжлийн орон тоо тэр бүр
гарахгүй байна.
Нөгөө талаараа манай залуучууд ажил хөдөлмөр хийх сонирхол бага байгаа нь
ажиглагдаж байна. Манай хөдөлмөрийн хэлтэст 9 сарын байдлаар 1459 гаруй ажлын
байрны захилага ирсний ихэнх нь мэргэжил шаардахгүй барилга, газар шорооны ажил
байдаг. Гэтэл өдрийн 30 мянган төгрөгөөр ажиллах хүн олдохгүй байна шүү дээ.
Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй байгаа ажилгүй иргэнийг ажилд авсан тохиолдолд
төрөөс урамшуулал өгөх тогтолцоонд шилжээд байгаа. Энэ нь үр дүнгээ өгч
байна уу?
-Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ажлын байрны саналаа идэвхтэй ирүүлж
байна.Бид 2013 онд 8 аан-д 37 байнгын ажлын байр бий болгосонд 62 сая төгрөгийг
ажил олгогчийн урамшуулалд олгоод байна. Цаашдаа ч нэмэгдэх хандлагатай
байгаа. Харин төрийн байгууллагууд ажил олгогчийн урамшуулалд хамрагдаггүй болохоор
ажлын байрны захиалгаа төдийлөн ирүүлдэггүй мөн хөдөлмөрийн хэлтэст хандаж
байгаа ажил хайгчдийн ихэнх нь төрийн байгууллагад ажиллах сонирхолтой хүмүүс
байгаа учраас төрийн байгууллагуудыг ажлын байрны захиалгаа Хөдөлмөрийн
хэлтсээр дамжуулан ирүүлж байх мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон
орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажилуудад заавал хөөдөлмөрийн
хэлтэст бүртгэлтэй иргэдээс сонгож зуучилуулж авах тухай Засаг даргын 2013 оны
09 сарын 26 ны а605 захирамж гарч хэрэгжиж эхэлснээр үр дүнгээ өгч эхлэж байна.
Жижиг, дунд үйлдвэрлэл, Сум хөгжүүлэх сангийн зээлийн үр дүн ямар байна вэ?
-Манай аймагт 2013 онд сум хөгжүүлэх сангаас эргэн төлөлттэйгээ нийлээд
2.623.000.000 төгрөгийг 19 суманд 424 төсөлд 845 ажлын байр бий болгоход
хувиарлаж хөдөлмөрийн хэлтсийн зүгээс хяналт тавин сумдын засаг дарга нарт
зөвлөмж хүргүүлж ажиллаж байна. Мөн аймгийн ЖДҮ-ийн сангаас энэ онд 495 сая
төгрөгийг 16 төсөлд хуваарилан 88 байнгын ажлын байр бий болгоод байна.
2009-2011 оны хооронд манай аймагт аймгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих
санд 4.5 тэрбум төгрөгийн зээлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр олгосон
байдаг. Энэ зээлийн эх үүсвэрээс хүний нүдэнд өртөх томоохон үйлдвэр,
тогтмол ажлын байр бий болгосон зүйл харагддаггүй. Үүний шалтгаан нь төрөөс
олгож буй бага хүүтэй зээлийг танил талаараа дамжуулан үр ашиггүй зарцуулж
байсны илэрхийлэл юм. Үүнтэй холбоотойгоор бид өмнөх онуудад олгогдсон
хөнгөлттэй зээлүүдийн хэрэгжилт, үр дүнг үнэлэх үүднээс нь шалгалтаа эхлүүлээд
явж байна.
Энэ онд Аймгийн жижиг, дунд үйлдвэрллийг дэмжих санд хэдэн төгрөг өгсөн бэ.
Зарцуулалтыг илт тод байлгах зорилгоор ямар арга хэмжээ авч байна вэ?
-Хөдөлмөрийн сайдын А/44 тоот тушаалаар шинэчилсэн журам гарсан. Бид төсөл
сонгон шалгаруулах комиссоос нь эхлээд шинэчлэлт хийсэн. Өмнө нь аймгийн
төсөл шалгаруулах комисс 11 гишүүнтэйгээс 10 нь ЗДТГ-ын ажилтан, нэг нь
худалдаа, аж үйлдвэрийн тэнхимийн төлөөлөл байсан. Ийм бүтэцтэй төсөл сонгон
шалгаруулах комиссын шийдвэр яаж гарах нь ойлгомжтой. Төрийн оролцоо их байх
тусам хардалага, сэрдлэгэ, үл итгэх байдал үүсэх нь тодорхой.
Тиймээс энэ комиссыг шинэчлэх нь зүйтэй гээд төрийн төлөөлөл гурав, үлдсэн
найман хүнээ олон нийтийн байгууллага, иргэн, үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөллийг
оролцуулсан.
Ингээд 500 сая төгрөгийн төсөл зарлагдахад 4.7 тэрбум төгрөгийн 126 төсөл
ирсэн. Бид байнгын ажлын байр, ИТХ-аас баталсан тэргүүлэх чиглэл зэргийг гол
үзүүлэлтээ болгон шалгаруулсан. Эхний ээлжинд 100 хүртэлх оноогоор дүгнэсэн.
Хоёрдугаар шатанд 21 төслийг авч үлдсэн.
Харин гуравдугаар шатанд аймгийнхаа хоёр телевизийн хамт төсөл хэрэгжүүлэх
газартай нь очиж танилцсан. Энэ бол улсын хэмжээнд анх удаа хийгдсэн ажил гэж
бодож байна. Биднийг очих үеэр үнэхээр сайхан төсөл газар дээрээ юу юу ч үгүй
суух жишээтэй. Зарим нь үнэхээр юм хийе гэсэн сэтгэлтэй, бүх зүйлээ бэлэн
болгочихсон хүмүүс байсан. Тэгээд эцсийн шатанд 16 төсөл шалгаруулж 495 сая
төгрөгөө хуваарилсан. Мөн шалгараагүй төслөө буцаахдаа шалтгаануудыг нь
тодорхой дурдаж албан бичгээр хүргүүлж ажиллаа. Ингэснээр өнөөдрийг хүртэл
манай хэлтэс дээр гомдол, өргөдөл ирээгүйг харахад шударга зохион байгуулсан
гэж дүгнэж байгаа. Бид төслөө шалгаруулахдаа ажлын байрыг шинээр
нэмэгдүүлсэн, байнгын, тогтвортой бас татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ
тогтмол төлөх боломжтой зэрэг үзүүлэлтүүдийг чухалчилсан.
Мөн шалгаруулсан төслүүдээ аймгийн телевизүүдээр мэдээлж, хэлтсийн мэдээллийн
самбарт байршуулан, аймгийн болон 19 сумын Сум хөгжүүлэх сангийн зээлд
хамрагдсан бүх иргэдийн мэдээллийг uvs.hudulmur.gov.mn сайтад төсөл сонгон шалгаруулах
коммиссын бүрэлдэхүүнтэйн хамт байршуулж чадсанаар иргэдээс тавих хяналтыг
хийж чадсан гэж бодож байгаа. Цаашдаа ч бид илүү боловсронгуй болгох талаас нь
ажиллаж байгаа.
Хөнгөлөлттэй зээлд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжүүдээ хэрхэн дэмжин ажиллаж
байна вэ?
-Манай шугамаар зээл авсан бичил бизнес эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг
сурталчлах, борлуулалтын сувгийг нээж өгөх зорилгоор тодорхой ажлуудыг хийж
байгаа. Тухайлбал баруун бүсийн таван аймаг, Тува улс оролцсон хилийн
худалдаа, Баруун бүс-Түншлэл үзэсгэлэн зохион байгуулсан. Уг үзэсгэлэн
худалаанд оролцож үйлдвэрлэгчдийн 50 гаруй хувийг жижиг, дунд үйлдвэрийн
болон сум хөгжүүлэх сангаар зээл авсан аж ахуйн нэгж, иргэд оролцсон юм. Үүнд
жижиг, дунд, Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн бүтээгдэхүүнийг
борлуулах лангууны түрээсэнд 50 хувийн хөнгөлөлт үзүүллээ.
Мөн аймгийнхаа “Сама” телевизээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих
зорилгоор 2013 онд шалгаруулсан 16 төслүүд дээрээ нэвтэрүүлэг хийж, иргэдэд
сурталчилан таниуллаа. Ажил олгочийн уулзалт болон хөдөлмөрийн яармагт
идвэхтэй хамруулж байгаа. Хамгийн сүүлд Бүсийн эдийн засгийн хөгжлийг дэмжих
төвийн Маркетингийн сургалтыг “Сайн тус” сургалтын төвтэй хамтран зохион
байгуулж, жижиг дундаас зээл авсан 17 аж ахуйн нэгж иргэнээ хамруулан үнэ
төлбөргүйгээр сертификат олголлоо.
Таны ярианаас Хөдөлмөрийн хэлтэс орон нутагт байгуулагдсанаар үр дүнгээ өгч
байгаа бололтой?
-Тийм ээ. Ажилтай, орлоготой, мэргэжилтэй болъё, амьдралаа дээшлүүлье гэсэн
иргэд манай хэлтсээр ихээр хандаж, хамтран ажиллаж байгаад баяртай байдаг.
Бид ч гэсэн аль болох хурдан шуурхай, ил тод ажиллахыг хичээж байна. Өнгөрсөн
наймдугаар сард манай хэлтэс 18 сумандаа хоёр ажлын хэсэг гаргаад хаана, ямар
төсөл хэрэгжиж байгаатай нэгд нэгэнгүй танилцсан.
Зээлийн хөрөнгөө зориулалтын бусаар ашиглаж байсан бол эргүүлэн татах зэрэг
зөвлөмжүүдийг сумдын Засаг даргад нь албан тоот хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг
авсан. Мөн 910 наас 1010 хооронд Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр
Хөдөлмөрийн хэлтэс болон Улаангом Политехник коллежтой хамтраад
“Хөдөлмөрийн сарын аян” өрнүүлж 19 сумын иргэдэд мэргэжлийн боловсрол, хөдөлмөр
эрхлэлтийн чиглэлээр сурталчилгаа хийснээр ихээхэн үр дүнтэй ажил болж
өнгөрлөө. Саяхан бид цэргээс халагдаж ирж залуучууддаа Аймгийн цэргийн
хэлтэстэй хамтран мэдээлэл өгөх арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Хөдөлмөрийн хэлтсийн эрхлэх ажлын нэг хэсэг нь Ахуйн үйлчилгээ, хоршооны
салбар юм. Энэ онд манай аймагт Хөдөлмөрийн сайдын багцаас 700 сая төгрөгийн
хөрөнгө оруулалтаар Зүүнхангай, Өндөрхангай, Түргэн гэсэн суманд Ахуйн
үйлчилгээний төв баригдаад эхнээсээ ашиглалтад орж байна.
Эдгээр ахуйн үйлчилгээний төв ашиглалтад орсноор бичил бизнес эрхлэгчид маань
түрээсийн байр яана аа гэсэн асуудал үгүй болно.
Та бүхний ажилд тулгамдаж буй асуудал юу байна вэ?
-Бидний зорилго бол иргэдээ ажилтай, орлоготой болгох явдал. Үүний цаад талд
ажил олгогч, хөдөлмөр эрхлэгчид байгаа. Гэтэл эдгээрийг зохицууллаа гэхэд ажил
хайж байгаа хүн нь олдож буй ажлын байраа голдог, нөгөө талаасаа ажил хайгчид
нь ажил олгогчдын шаардлагыг биелүүлдэггүй гэсэн асуудал үүсдэг. Бас одоогийн
залуучууд ажил хийх сонирхол багатай, бэлэнчлэх сэтгэхүйтэй хамгийн гол
асуудал болоод байна. Ажилгүйдлийг бууруулах бас нэг гол хүчин зүйл нь ажил
олгогчдыг илүү дэмжих, урамшуулах хөтөлбөрүүдийг шинээр олныг бий болгох
явдал юм.
Өглөөний сонин