Дүүргийн Засаг дарга болон холбогдох албаны хүмүүс дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудтай газар дээр нь очиж танилцлаа. Хамгийн эхэнд Туркийн ТК байгууллагын хөрөнгө оруулалтаар 3-р хорооны Нугын тал хэсэгт хийгдэж байгаа гүний худгийн ажилтай танилцсан бөгөөд ажлыг хугацаанд нь чанартай хийж хүлээлгэн өгөхөд анхаарах хэрэгтэй байгааг санууллаа. Одоогийн байдлаар дүүрэгт гүний нэг худаг, зөөврийн хоёр усан сангийн ажил хийгдэж байгаа бөгөөд энэхүү гүний худгийг “Их уудам” ХХК гүйцэтгэж байгаа юм байна.
Харин дараагийн очсон газар бол 3-р хорооны Хилчин хэсэгт баригдаж байгаа зөөврийн усан сангийн барилга байлаа. Энэхүү худгийн байршлыг иргэдээсээ асуун шийдвэрлэсэн бөгөөд хоёр болон гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа зөөврийн усан сангийн барилгыг “Прогресс цамхаг” ХХК нийтэд нь 60 сая төгрөгийн өртөгөөр барьж байна. Эдгээр зөөврийн усан сангуудыг 10-р сарын 02-нд дүүрэгт хүлээлгэн өгөх юм байна.
Дүүргийн төвөөс 17 км-т алслагдсан хоёрдугаар хорооны иргэд нийтийн халуун усгүй өдий хүрсэн. 21-р зуунд хүн наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байсан энэ байдлыг өөрчлөхөөр нийтийн халуун усны барилгыг барьж байна. Энэхүү барилгын ажилтай мөн өнөөдөр танилцлаа. Гаргасан хуваарийн дагуу ажлууд хийгдэж байгаа бөгөөд дүүргийн Засаг даргын зүгээс өнөөдрийн таницсан ажлуудын гүйцэтгэгч байгууллагуудад хугацаанд нь чанартай гүйцэтгэх үүрэг даалгаварыг өглөө.
Дүүргийн хэмжээнд багагүй бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Эдгээр ажлуудыг хугацаанд нь хүлээж авах үүднээс албаны хүмүүс ийн газар дээр нь танилцаж байна. Дашрамд дуулгахад дүүрэгт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудад ажиллах хүчийг дүүргээс авах, барилгын материал болох тоосго, блок зэргийг дүүргийн аж ахуйн нэгжээс нийлүүлж байгаа юм. Ажлууд ямартаа ч өнөөдрийн байдлаар хэвийн өргөж байна. Харин он дамнан хийгдэж байгаа 640 хүүхдийн суудалтай сургуулийн санхүүжилтийн асуудлаас үүдэлтэйгээр барилгын ажлын явц удааширсан. Санхүүжилт ирсэн тохиолдолд сарын хугацаанд дуусгах боломжтой байгаа бол усан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авсан, боулингийн төв үйл ажиллагаа нь ч эхлээгүй байхад борооны ус дээврээс гоождог, боулингийн замын удирдлагын систем бүхэлдээ ажиллахгүй байгаа гэсэн муу мэдээтэйгээр Засаг даргыг угтсан юм. Дүүргийн Засаг дарга энэ долоо хоногтоо багтаан Нийслэлийн Засаг дарга болоод Нийслэлийн хөрөнгө оруулалтын газруудад хандана гэдгээ хэллээ. Тэгвэл 5-р хороонд баригдаж байгаа ЖДҮДТөвийн барилгын ажил дуусах шатандаа явж байгаа ирэх долоо хоногоос улсын комисс ажиллахаар болсон байна.