Монгол улс жил бүрийн есдүгээр сарын 10-ны
өдрийг “Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хүндэтгэх өдөр” болгон
тэмдэглэдэг. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Э.Бат-үүл болон нийслэлийн удирдлагууд, Төрийн ордны баруун
талд орших “Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөө”-ндцэцэг өргөлөө. Үүний
дараагаар нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос
хэлмэгдсэн иргэдийн гэр бүлд хүндэтгэл үзүүлэн, 100 000 төгрөг гарын бэлгийн хамт гардуулан
өглөө. Түүнчлэн энэ өдөрт зориулан “Улс төрийн хэрэгт
хэлмэгдэгсдийн музей” үнэ төлбөргүй үйлчилнэ. Улстөрийн хилс
хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажиллагааг эхлүүлснээс хойш 30 мянга гаруй
иргэний нэр төрийг сэргээж, цагаатгажээ. Өнөөдрийн байдлаар цагаатгагдсан 17 376
иргэнд төрөөс 16.3 тэрбум төгрөгийн нөхөх олговрыг олгожээ. Нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион
байгуулах салбар комисс 2005 оноос хойш нийт 16 өөрөө хэлмэгдсэн иргэн, 10 хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүний орон сууцны
асуудлыг шийдвэрлэж, 40 гаруй иргэнд мөнгөн олговор олгосон байна. Мөн
хэлмэгдэгчийн үр хүүхэд, ач, зээ нар болон хэлмэгдэгчийн ар гэрийнхэнд мөнгөн
тусламж үзүүлэх ажлыг жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулан
ажиллаж байна гэж Нийслэлийн Хэвлэл
мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.