Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга, Хөдөлмөрийн төв биржийн дарга Ц.Энхтуяа нарын албаны хүмүүс Хөдөлмөрийн хувийн биржүүдийн удирдлагуудтай хүлээн авч уулзан, санал бодлоо солилцлоо.
Уулзалтын эхэнд ТБНД П.Гантулга хэлсэн үгэндээ “Ажил зуучлах үйлчилгээг үзүүлэхэд төрийн оролцоог багасган, төрийн өмнөөс энэ үйлчилгээг хувийн хөдөлмөрийн биржүүдээр дамжуулан хүргэж, төрийн байгууллагууд зөвхөн арга зүйгээр ханган, цаашид улам чадавхижуулахад анхаарч ажилланх учиртай. Тиймээс та бүхнийг хүлээн авч уулзаж байгаа нь энэ салбарт тулгамдаад байгаа асуудлыг сонсох, гарах гарцыг хамтдаа шийдэхэд оршиж байгаа юм. Тиймээс энэ салбарт тулгамдаад байгаа асуудлуудаа нуулгүй ярихыг хүсье. Бид та бүхний гаргаж, тавьсан асуудлуудыг шийдэх тал дээр яамныхаа төвшинд ярьж, хэлэлцэнэ” хэмээлээ.
Хөдөлмөрийн хувийн биржийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр хувийн биржийг санхүүжүүлэх тариф болон ажилд зуучлуулагчдын ажлын байрны тогтвор суурьшилт, аж ахуй нэгж байгууллагууд байнгын биш, түр ажлын байрны эрэлт хэрэгцээ их байдагтай холбоотойгоор Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй зэрэг алдаа дутагдал байгааг хэлж байлаа. Мөн төрийн байгууллагын уялдаа холбоог уламж сайжруулан, бүртгэлийн нэгдсэн системтэй болох зэрэг асуудлууд ихээр хөндөгдөж байлаа. Монгол улсын хэмжээнд нийтдээ 45 Хөдөлмөрийн хувийн бирж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төрийн байгууллагын хүрч ажиллаж чадахгүй хэсэгт ажилд зуучлах үйлчилгээ үзүүлэн, хүн амыг ажилтай орлоготой болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна.