Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр, төрийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварын явц, Нийслэлийн Засаг даргатай уулзах хүсэлт гаргасан иргэдтэй төвийн 6 дүүрэгт уулзалт зохион байгуулсан тухай, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгсөн юм.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явцыг танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд 31 сургууль, 12 цэцэрлэгт барилгын засвар хийгдэж байгаа бол , төрийн өмчийн 111 сургууль, 176 цэцэрлэгт урсгал засвар хийгдэж байгаа юм. 7 сараас эхлэн сургууль, цэцэрлэгийн барилгын засварын ажил гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, засваражил энэ сарын 5-аас эхэлжээ. Сургууль, цэцэрлэгийн засварын ажил төлөвлөсөн хугацаанаас хойно эхэлсэн бөгөөд барилга засварын ажил 45 хувьтай, урсгал засварын ажил 75 хувьтай явж байна. Нийслэлийн Боловсролын газарт нийт 53 сургууль, цэцэрлэгээс 8,6 тэрбум төгрөгийн засварын ажил хийх санал ирүүлсэн ч улсын төсөвт 3,6 тэрбум төгрөгийг баталжээ. Иймд батлагдсан хөрөнгийн дагуу барилгын засварын ажлыг эхлүүлсэн байна. Сургууль, цэцэрлэгүүдийн засварыг энэ сарын 25 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.
Харин эмнэлэгүүдийн засварын ажлын явцын мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэд дарга М.Мөнхдэлгэр танилцууллаа. Энэ жил Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн “Эрүүл мэндийн нэгдэл”-ийн барилгуудад их засварын ажил эхэлсэн байна. Мөн Клиникийн 1-р амаржих газрын А, Б блокийн дулааны узель, цахилгаан шатны засвар шинэчлэлтийн зураг төсөв батлагдсан ч хоёр удаагийн тендерээр гүйцэтгэгч шалгараагүй байна. Тиймээс шууд гэрээ байгуулан 7 сарын 19-нөөс засварын ажлыг эхлүүлжээ.
Өнгөрсөн 14 хоногийн байдлаар Замын цагдаагийн газар зам тээврийн хэргийн шинжтэй 192, осол,зөрчлийн шинжтэй 167дуудлагын дагуу ажиллажээ. Зам тээврийн хэргийн улмаас 8 хүний амь нас хохирсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин зам тээврийн ослын тоо өмнөх оны мөн үеийнхээс 21,5 хувиар буурчээ.
Нийслэлийн цагаадаагийн газар энэ өдрүүдэд иргэд аж ахуйн, нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй15229 гомдол, мэдээлэл хүлээн авч, 406 гэмт хэрэг бүртгэжээ. Энэ нь өмнөх 14 хоногтой харьцуулахад гэмт хэргийн тоо 3.8 хувиар буурсан үзүүлэлт юм байна.
Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгөгдсөн үүргийн дагуу Нийслэлийн Засаг даргатай уулзах хүсэлт ирүүлсэн төвийн 6 дүүргийн 154 иргэнийг Засаг даргын орлогч нар хүлээн авч, санал хүсэлтэд нь хариу өгсөн байна.
Орон сууц хүссэн болон газрын маргаан, барилга, хот төлөвлөлтийн талаар гомдол, санал хүсэлтээ илэрхийлсэн иргэн бүртэй нийслэлийн Засаг даргын орлогч нар нэг бүрчлэн уулзаж, хуулийн дагуу хариу өгч, шийдвэрлэх боломжтой асуудлуудыг судлан яаралтай хариу өгөхөөр болжээ.
Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, “Бид хотын үйлчилгээг сайжруулах чиглэлээр, иргэдийн санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх үндсэн зорилтоо хэрэгжүүлж чадаж байна уу, үгүй юу гэдэг дээр гол анхаарлаа хандуулан дараа дараагийн шуурхай зөвлөгөөнийг зохион байгуулах шаардлагатай байна” гэдгийг онцоллоо. Мөн 2014 оны төсвийн саналаа хуулийн хугацаанд нь багтаан ирүүлэхийг харъяа байгууллага болон дүүргүүдэд үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.