Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоотой
хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ санамж бичгийн хүрээнд
"Ажилтай орлоготой Монгол залуу" хөтөлбөрийг санаачлан, оюутан
залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор гурван томоохон төслийг
хэрэгжүүлж эхлээд байна.
"Ажилтай, орлоготой Монгол залуу" хөтөлбөрт “Цагийн ажил”, “Сумын залуус”, “Ажлын гараа” төслүүд багтаж байгаа. Улс, эх орныхоо бүтээн байгуулалтанд залуучуудын оролцоог нэмэгдүүлж, зуны амралтаар нь түр ажлын байраар хангаж орлоготой болгох, улмаар ажил хөдөлмөрийн дадал олгох, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой уг төслүүдийн эхний “Сумын залуус” төсөл өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийж, бүртгүүлсэн залуус ажилдаа гараад байгаа. Тэгвэл энэ удаад "Ажлын гараа" төслийн нээлтийг маргааш буюу 2013 оны 7-р сарын 9-ний өдрийн 16 цагт Сүхбаатарын талбайд хийх гэж байна. Нээлтэнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав болон холбогдох албаны хүмүүс оролцоно
“Ажлын гараа” төсөлд хамрагдсан залуус Авто зам, Төмөр зам, Барилга байгууламж гэсэн салбаруудад ажиллах, Сум, Орон нутагт өвөлжөө барих, Хадлан хадах, Ургац хураах гэх мэт ажилд 15 залуус багийн зохион байгуулалтанд орж, Монгол Улсын аймаг, нийслэл сумдад хувиарлагдан ажиллах юм.