БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй монгол
иргэдийн ээлжит бүртгэлийг өчигдрөөс эхэллээ. Уг бүртгэл энэ сарын 4-нийг
хүртэл орон даяар зохион байгуулагдах аж.
Монгол Улсаас БНСУ-д гэрээт ажилчнаар ажиллахаар бүртгүүлэх иргэдэд тодорхой шалгуур заасан байдаг. Тухайлбал 1973 оны наймдугаар сарын 26-наас 1995 оны наймдугаар 25-нд төрсөн иргэн байх ёстой. Түүнчлэн шүүхээр таслагдаж, хорих ял эдэлж байгаагүй, БНСУ-аас албадан гаргах ажиллагаанд хамрагдаж байгаагүй буюу албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй, Монгол Улсын хилээр гарах эрхээ хязгаарлуулаагүй, БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй зэрэг шаардлага хангасан байх ёстой гэнэ. Эдгээр шаардлагад нийцсэн иргэд уг бүртгэлд хамрагдах боломжтой юм байна.
Бид энэ талаар сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийг зорьсон юм. Тус хөдөлмөрийн хэлтэст биднийг очих үед БНСУ-д гэрээгээр ажиллах бүртгэлийн дугаар өмнөх жилүүдтэй харьцуулахад тийм ч их биш байлаа. Тодруулбал 11:00 цагийн орчимд 10 хүрэхгүй залуу дугаарлаж байгаа харагдсан.
Ингээд дотогшоо орж Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Б.Гантуяаас бүртгэлтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
Өмнөх жилүүдэд Солонгост ажиллах иргэдийн бүртгэл эхлэхээр ачаалал маш их үүсдэг байсан. Энэ жилийн хувьд ямар байна вэ?
-Энэ жилийн хувьд харьцангуй ачаалал багатай байна. Өнөөдөр бүртгэлийн эхний өдөр гэхэд бараг л дараалал үүсэхгүй байна шүү дээ. Тэгэхээр бүртгэлийн хугацаа дуустал ачаалал багатай ажиллах байх гэж бодож байна. Ер нь хэдэн өдөр дугаарлаад бүртгүүлж чадалгүй хоцордог үе ард хоцорчээ.
Иргэд бүртгүүлэхээр ирэхдээ ямар бичиг баримт бүрдүүлэх талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Бүртгэлд хамрагдах хүсэлтэй иргэд гадаад паспорт /гадаад паспортгүй бол цахим үнэмлэх/-ний хуулбар, эх хувь, 3.5х4.5 хэмжээтэй сүүлийн гурван сарын дотор авахуулсан, засвар хийлгээгүй цээж зураг хоёр хувь, бүртгэлийн хураамж болох 24 ам.долларыг Хадгаламж банкны 10210033333 дансанд тухайн үеийн Монголбанкны ханшаар бодож тушаасан байх ёстой. Тэгээд харьяа аймаг, дүүргийнхээ Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлнэ.
Танай дүүрэгт энэ жил хэдэн иргэн бүртгэх вэ?
-Аймаг, дүүрэг бүр хүн амынхаа тооноос хамаараад хэдэн хүн бүртгүүлэх вэ гэдгийг тогтоогоод өгчихсөн. Манай дүүрэг л гэхэд энэ жил 600 хүн бүртгэх ёстой. Эндээс эрүүл мэндийн үзлэг, шалгалтдаа тэнцсэн хүмүүс нь Солонгос улсад очиж ажиллана гэж ойлгож болно. Өнөөдрийн байдлаар бүртгэвэл бүртгүүлэгчдийн тоо 600-д хүрэхгүй байх.
Солонгос явж ажиллах хүмүүсийн хамгийн том даваа нь хэлний шалгалт байдаг. Энэ жил хэлний шалгалтаа хэзээ авахаар болсон бэ?
-Бүртгүүлсэн иргэдээс наймдугаар сарын 25, 26-нд солонгос хэлний шалгалт авна. Өмнөх жилүүдийн байдлаас харахад эмэгтэй хүмүүст ажил олгогчдын санал бага ирж байсан. Учир нь Солонгос улсад манай иргэд ихэвчлэн үйлдвэрт ажилладаг учраас эмэгтэй хүнд тохирох ажил ховор юм шиг байна лээ.
Солонгос улсыг үзэх зорилгоор бүртгүүллээ
Ингээд БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн бүртгэлд хамрагдсан Сүхбаатар дүүргийн IX хорооны иргэн Б.Болдбаатараас дараах зүйлийг тодрууллаа.
Солонгос явж ажиллах шийдвэрийг хэзээ гаргасан бэ. Тус улс руу явах гол зорилго юу байна вэ?
-Манай эгч Сөүлд ажилладаг юм. Тэгээд эгч дээрээ очингоо газар орон үзэх сонирхолтой байна.
Манай улсаас Солонгосыг зорьж буй иргэд ихэвчлэн мөнгө хураах, улмаар байр машин авч амьдралаа дээшлүүлэх талаар ярьдаг. Таны хувьд?
-Тийм ээ. Мэдээж Солонгост очоод амарч зугаалаад ирэхгүй. Эгчийнхээ ажилд орох санаатай байгаа.
Цалин хөлс ямар байдаг юм бол. Нууц биш бол эгч тань ямар ажил хийж байгаа вэ?
-Эгч маань нэг хэвлэх үйлдвэрт ажилладаг гэсэн. Цалин нь монгол мөнгөөр нэг сая гаруй төгрөг авдаг юм билээ.
Манай улсад сая төгрөгийн цалинтай ажил бишгүй олдоно шүү дээ. Хайж үзсэн үү?
-Би өмнө нь алтны уурхайд ажиллаж байсан. Тухайн үед 1.5 сая төгрөг авдаг байлаа. Цалин өндөр ч ажиллах нөхцөл нь таалагдаагүй. Дээрээс нь хүйтэн сэрүүний улиралд ажилгүй болчихдог. Одоо нэг хувийн компанид ажиллаж байна. Ер нь манай улсад ажил олдохгүйн зовлон байхгүй болсон шүү дээ.
Нас хэд хүрч байна. Ямар нэгэн мэргэжилтэй юу?
-21 настай. Эзэмшсэн мэргэжилгүй. Дунд сургуулиа төгсөөд шууд цэргийн алба хаасан. Тэгээд л энд тэнд ажиллаад явж байна даа.
Монголчууд БНСУ-д гэрээгээр ажиллаад 10-аад жилийн нүүрийг үзэж байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө тус улсыг зорих хүсэлтэй иргэдийн цуваа хэдэн арван метрээр үргэлжилж, бүртгэлийн хугацаа эхлэв үү, үгүй юу бөөн дараалал болж, хонон өнжин хүлээдэг байсан. Тэгвэл энэ үе хэдийнэ ард хоцорчээ гэсэн байдал нэг л дүүргийн бүртгэлээс ажиглагдаж байна. Учир нь Солонгос улсад ажиллах сонирхолтой иргэдийн тоо бусад аймаг дүүргүүдэд ч буурчээ.
Энэ нь сүүлийн үед Монгол Улсын эдийн засаг асар өндөр хурдацтай өсч байгаатай холбоотой. Нөгөө талаараа манай улсад дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа учир залуус эх орондоо ажиллах сонирхолтой болсны илрэл. Ийнхүү Солонгос руу ажиллахаар хуйлардаг байсан үе өөрчлөгдөж байгааг энэ жилийн бүртгэлээс харж болохоор байна.
Өглөөний сонин Д.Баяржаргал