БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс
солонгос хэлний төвшин тогтоох шалгалт авах бүртгэл өчигдөр эхэллээ. Орон даяар
нэгэн зэрэг явагдаж байгаа уг бүртгэлийн талаар Хөдөлмөр эрхлэлтийн
үйлчилгээний төвийн Гадаад харилцаа, олон нийт хариуцсан мэргэжилтэн
Б.Отгонжаргалаас тодрууллаа.
Ес дэх удаагийн солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын бүртгэл хаана, хаана явагдаж байна вэ?
-Монгол Улсын Хөдөлмөрийн яам, БНСУ-ын Хөдөлмөрийн эрхлэлт, хөдөлмөрийн яамны хамтран байгуулсан гэрээ бий. Энэ хүрээнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу “БНСУ-д ажилчид илгээх тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд ес дэх удаагийн Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт буюу (EPS-TOPIK)-ийн бүртгэлийг зохион байгуулж байна. Учир нь гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны журмаар Солонгос улсад ажиллахыг хүсч буй иргэд дээрх шалгалтад заавал тэнцсэн байх шаардлагатай. Тиймээс ч зөвхөн энэхүү шалгалтад тэнцсэн иргэн л гадаадын иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэхээр бүртгүүлэх эрхтэй. Энэ удаагийн бүртгэл уламжлал ёсоороо харьяа дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс дээр явагдах юм. Орон нутагт ч ялгаагүй аймаг, сумдын хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст явагдана.
Бүртгүүлэхийг хүссэн иргэд ямар, ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Бүртгүүлэгчдэд 18-39 настай, хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх шаардлагатай. Насыг тооцон гаргахдаа бүртгэл явуулах өдрийг тооцно гэдгийг иргэд анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, бүртгүүлэхийг хүссэн иргэд 1973 оны наймдугаар сарын 26-наас 1995 оны наймдугаар сарын 26-ны өдрийн хооронд төрсөн байх ёстой. Үүнээс гадна Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй, БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй, БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй, элэгний В, С вирус, сүрьеэ, БЗХӨ-өөр өвдөөгүй байх зэрэг шаардлага тавигдаж байгаа юм.
Бүртгэлийн хураамж гэж хэдэн ам.доллар банкинд тушаах ёстой вэ?
-Шалгалтын хураамж болох 24 ам.долларыг тухайн өдрийн Монголбанкны албан ханшаар хөрвүүлэн тооцно. Харин шалгалтын хураамжийг Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвийн Хадгаламж банкин дахь 10210033333 тоот дансанд тушаах ёстой. Хэрэв бүртгүүлсэн иргэдээс зайлшгүй шалтгаанаар цуцлах тохиолдолд заасан хугацаанд хураамжийг буцаан олгоно. Харин бүртгэлийн хугацаа өнгөрсөн бол буцаан олгохгүй.
Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт хэзээ явагдах вэ?
-Ирэх сарын 24-ний бямба, 25-ны ням гарагуудад тус тус шалгалт авахаар төлөвлөсөн. Нэгдүгээр ээлж 09:30-11:40 цагт, хоёрдугаар ээлж 14:00-16:10 цагт Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт явагдана. Хаана гэдгийг нь тухайн үедээ өөрийн албан цахим хуудсаараа дамжуулан мэдээлэх болно. Дээрх шалгалтад тэнцсэн иргэдийн хүссэн зарим иргэдээс тусад нь ур чадварын төвшин тогтоох шалгалт авахаар төлөвлөж байгаа. Тиймээс хуваарийг хэлний шалгалтад тэнцсэн иргэдийн нэрстэй хамтад нь зарлах юм. Дашрамд дурьдахад, аж үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллах иргэдээс сонгон, шалгаруулна. Тиймээс бүртгэлийн анкетыг бөглөхдөө ажиллахыг хүсч буй салбараа “аж үйлдвэр” эсвэл “үйлчилгээ” гэж бичих ёстой. Сонгож бичсэн ажиллах салбарыг дараа нь өөрчлөх боломжгүй тул сонголтдоо анхааралтай хандахыг хүсье. Ирэх сарын 5-ны баасан гарагт Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн цахим хуудсанд шалгалтын нарийн хуваарийг зарлана.
Энэ жил нийтдээ хэчнээн иргэнийг бүртгэх вэ?
-4370 хүнийг бүртгэнэ. Ингэхдээ төвшин тогтоох шалгалтдаа 80-аас дээш оноо авсан иргэдийг онооны дарааллаар авахаар төлөвлөж буй хүний тоогоор шалгаруулна. Аж үйлдвэрийн салбарт 4300, үйлчилгээний салбарт 70 хүнийг бүртгэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн албан ёсны вэб хуудас болох www.ces.gov.mn хаягаар авах боломжтой.
Эх сурвалж: www.mminfo.mn
Х.Жаргал