Монгол хүний ажил эрхлэлтийг сайжруулах, жижиг дунд
үйлдвэрлэлийг дэмжих, нийгэмд нэн шаардлагатай байгаа мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхээр хүний нөөцийн найдвартай
даацыг бий болгоход Монгол Улсын Засгийн газраас олон ажиллагааг хэрэгжүүлж
байгаа билээ. Үүний нэгэн жишээ нь “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөр
юм.
Энэхүү хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр Монголын залуучуудын холбооны төв байрны өмнө талбайд болж өндөрлөлөө. Үйл ажиллагаанд Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Хадхүү, МЗХны ерөнхийлөгч А.Мөнхбат, Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Эрдэнэбат нарын албаны хүмүүс хүрэлцэн иржээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Цагийн ажил”, “Ажлын гараа”, “Сумын залуус” гэсэн гурван төслийг энэ сарын 15-наас ирэх сарын 15-ныг хүртэл хэрэгжүүлэхээр болжээ.
“Цагийн ажил” төслийн хүрээнд зуны амралтаар цагийн ажил хийж, өөрийн орлогоо нэмэгдүүлэх сонирхол бүхий оюутан, залуусыг хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийн захиалгын дагуу ажлын байраар хангах ажлыг өрнүүлэх гэж байна. “Ажлын гараа” төслөөр 21 аймагт 15 хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаж жишиг өвөлжөө барих, авто болон төмөр замын ажил, барилга байгууламж, хадлан, тариа хураах зэрэг ажил хийлгэх аж.
Харин “Сумын залуус” төслийн хүрээнд эмч, англи хэл, математик-мэдээлэл зүй, үйлдвэрлэл-бизнесийн удирдлага гэсэн дөрвөн чиглэлээр суралцдаг нийт 1324 оюутныг зуны хоёр сарын хугацаатайгаар 21 аймгийн 331 суманд ажиллуулахаар болжээ. Нээлтийн үйл ажиллагааны үеэр тухайн дөрвөн мэргэжлийн оюутнууд илгээлт, үйл ажиллагааны удирдамж, үнэмлэх, туг гэх мэт зүйлсээ хүлээн авлаа. Энэ үеэр ЭМШУИС-ийн оюутан Ж.Баяржаргалаас хаана ямар чиглэлээр ажиллахаар болсон талаар тодруулахад “Увс аймгийн Зүүнговь суманд эрүүл мэндийн чиглэлээр ажиллахаар болсон. Зуны амралтаараа цалинтай ажил хийж, амралтаа үр дүнтэй өнгөрөөж байгаадаа баяртай байна. Хөдөө орон нутгийн иргэд эрүүл мэндийн мэдлэгээр дутмаг байх нь бий. Энэ талаар сургалт сурталчилгааг түлхүү явуулж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлнэ гэсэн зорилготой байгаа” гэсэн юм. Энэ мэт оюутнууд өөрсдийн сурч буй мэргэжилдээ тулгуурлан орон нутгийг зорин ажиллах юм байна.
Цагийн ажилд орохыг хүсвэл МЗХ-ны 201 тоотод бүртгүүлээрэй
Хөтөлбөрийн талаар Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Эрдэнэбатаас тодрууллаа.
Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь юу вэ?
-Амралтаараа ажил эрхлэхийг сонирхсон, орлоготой болохыг хүссэн оюутнуудыг найдвартай ажлын байранд зуучилж, эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах зорилготой. Жишээ нь 21 аймагт 21 өвөлжөө барих ажил хийнэ. Энэхүү ажил маш том бүтээн байгуулалт болно. Ингэхдээ залуус маань МСҮТ-ийн багш нарын хяналтан дор ажиллана. Барьсан өвөлжөөг тухайн аймаг сонгон шалгаруулалтаар малчдад өгөхөөр болсон. Сонгон шалгаруулалтын журам гарсан байгаа.
Оюутнуудыг курсээр нь ялгаж байгаа юу?
-Нас, хүйс гэх мэт зүйлээр ялгахгүй. Бид баг болоод ажиллая гэсэн 15 оюутныг нэг баг болгон ажиллуулна.
Орон байр, хоол ундны асуудлыг яаж зохицуулж байгаа вэ?
-Өвөлжөө барих асуудлыг аймгийн Засаг даргын Тамгын газар хариуцна. Хөдөлмөрийн зардал буюу цалинг нь нэг хүнд 500 мянган төгрөгөөр бодож Хөдөлмөрийн яамнаас зохицуулна. Бид хүний нөөц, зохион байгуулалт гэх асуудлыг хариуцаж байгаа.
Цагийн ажилд зуучлах үйл явцын талаар мэдээлэл өгөөч?
-Цагийн ажилд орохыг хүссэн залуучууд МЗХ-ны 201 тоотод ирж бүртгүүлж болно. Мөн 321814 утсаар холбогдож лавлагаа авах боломжтой. Бид удахгүй вэб сайтаа ажиллуулж эхэлнэ. Ингэснээр залуучууд заавал биеэрээ ирэх шаардлагагүйгээр, цахимаар бүртгүүлэх боломж бүрдэнэ.
Одоогийн байдлаар хэдэн ажлын байранд зуучлах боломжтой вэ?
-Бид бүртгэлээ эхлүүлээд долоо хонож байна. Энэ хугацаанд 300-гаад оюутнууд бүртгүүллээ. Ажлын байрны захиалгууд ч их байна. Үүн дотроо авто зам, барилга байгууламжийн засал чимэглэл, тавилга угсралт, өндөр настай хүн, хүүхэд асрах гэх мэт ажлууд зонхилж байна. Ажлын байрны тоо одоогоор тодорхой бус байна.
Өглөөний сонин П.Сарангарав