Багануур дүүрэг 30 гаруй жилийн түүхэндээ хоёр ч удаа үерт автан багагүй гарз хохирлыг амсаж байсан гашуун түүх бий. Хэлж ирдэггүй хийсч ирдэг байгалийн хүчний өмнө бэлтгэл сайтай байж гэмээнэ хор хохирол багатай даван туулна. Дүүргийнхээ ард иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцлийг бий болгох, сайжруулах үүднээс өнгөрөгч дөрөвдүгээр сарын 20-ны өдөр дүүргийн Засаг дарга үерийн далан суваг шуудууны ус нэвтрүүлэх чадвартай танилцаж, хангалтгүй байгаа учраас холбогдох арга хэмжээг авч ажиллах үүрэг даалгаварыг өгөөд байсан. Энэ дагуу Онцгой байдлын хэлтэс, Багануур ХК хамтран үерийн далан суваг шуудууг сэргээх ажлыг эхлүүлэн нийтдээ 17 км үерийн далан шуудууг сэргээгээд байна. Мөн гэр хорооллын дунд шалбааг тогтдог байдлыг бууруулахаар хийж байгаа ажлын явцтай дүүргийн Засаг дарга өнөөдөр газар дээр нь танилцлаа.Багануурын дүүргийн шавыг тавьж байсан оросуудын хийсэн 6.3 км үерийн далан мөр төдий болсон, олон жил болсон үерийн даланг хааж машин зам болгосон зэрэг шалтгаанаас үүдэн өнөөдөр багануур дүүрэг ширүүн бороо, уулын усны өмнө хүчин мөхөсдөхөөр болсон байсныг ийнхүү сэргээж байна. Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу иргэдийн амьдрах аюулгүй орчныг бүрдүүлэх үүднээс энэ жилийн төсвийн тодотголоор 1,2 тэрбум төгрөгөөр үерийн даланг бетондох ажил хийгдэхээр болсон байна.
