Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн олон ажил
зохион байгуулж байгаа. Тус ажлын хүрээнд Монголын Залуучуудын холбоотой
хамтран “Цагийн ажил” төслийг хэрэгжүүлэхээр болсноо Хөдөлмөрийн яам, Монголын
залуучуудын холбооноос мэдээлсэн юм. Монголын залуучуудын холбооноос
залуучуудыг амралтаараа ажил хийж, цалинтай, орлоготой, зорилготой, сайхан
амьдрахыг уриалж байсан юм. Энэ үеэр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавтай цөөн хором ярилцлаа.
“Цагийн ажил” төслийн гол зорилго нь юу вэ?
-Дээрх ажлыг “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд “Цагийн ажил” төслийг хэрэгжүүлэхээр Монголын залуучуудын холбоотой хамтран ажиллаж байна. Цагийн ажил хийж, өөрийн орлогоо нэмэгдүүлэх сонирхолтой оюутан, залууст аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн захиалгын дагуу ажлын байраар хангах юм. Мөн оюутан залуусыг Монгол Улсын шинэ бүтээн байгуулалтад татан оролцуулж, зуны амралтаар нь түр ажлын байраар хангах, улмаар ажил хөдөлмөрийн дадал олгох, оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
Ажлын эрэлт маш их байгаа. Нөгөөтэйгүүр нийгэмд зайлшгүй хийгдэх ажлууд ч эзнээ хүлээж байдаг. Ажил олгогч, ажилтан хоёрын огтлолцол одоо л жинхэнэ утгаа олж байгаа юм болов уу. Тэгэхээр оюутнууд ямар ажилд дайчлагдах бол?
-Тийм ээ. Зуны амралтын хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломж олгох, улс орны болон нийгмийнхээ хөгжил, боловсролын салбарт өөрийн оролцоог нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлж орон нутагт эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг үзүүлэх юм. Тус төсөлд хамрагдсан оюутан, сурагчид хөдөө орон нутагт ажиллахдаа нэг суманд нэг өвөлжөө барина.
Ажлын байрны хувьд зөвхөн хөдөө орон нутаг руу чиглэсэн байна уу?
-Заавал орон нутагт гэхгүй. Энэ төслийн хүрээнд хамрагдсан цагийн ажилтнууд, хувь хүмүүс эхлээд Хөдөлмөрийн яамны сайтад эсвэл тус яаман дээр өөрийн биеэр ирж анкетаа бөглөсөн байх шаардлагатай. Хаана ямар ажил хийх хүсэлтэй, боломжит нөхцөл зэргийг харуулсан хуудас бөглөх юм. Мөн Хөдөлмөрийн яамнаас боломжит ажлын байрны талаархи мэдээллийг өгсний дагуу өөрсдөө хаана ажиллах боломжтой байгаагаа мэдэгдэх боломжтой. Хөдөө орон нутагт ажиллах залуус байвал сайн л байна. Орон нутгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулна гэдэг бол хамгийн эх оронч сэтгэлгээ гэж бодож байна.
Нэг сарын цалин хэдэн төгрөг байх бол?
-Нэг сард 500 мянган төгрөгөөс доошгүй цалингаар цалинжуулна гэсэн гэрээ хэлэлцээрийг байгуулна. Оюутнуудыг 500 мянган төгрөгөөс дээш цалинтай ажиллуулаад ирэхээр залуус ажиллах сонирхолтой, амьдрал дээр гараад ажиллаж сурсан, мэдсэнээ үнэлүүлж, дүгнүүлж, бас өөрөө өөрийгөө үнэлж цэгнэж сурах юм.
Төсөлд хэчнээн төгрөг зарцуулж байгаа вэ?
-Нийтдээ уг төсөлд 600 гаруй сая төгрөгийг зарцуулна гэсэн урьдчилсан тооцоо байгаа.
Цалингийн хувьд тодруулах зүйл байна. Хийсэн ажлын хөлсийг тухайн ажил олгогчоос өгөх юм уу, эсвэл танай яамнаас шийдвэрлэх үү?
-Нийслэлийн бүсэд хамрагдаж буй залуусын хувьд ажлын хөлсийг төвийн бүсээс буюу Хөдөлмөрийн яамны зүгээс шийдэх юм. Харин хөдөө орон нутагт ажилласан тохиолдолд сум орон нутаг өөрсдөө хариуцаад явна. Учир нь сум орон нутагт санхүү нь шилжсэн учраас, хөгжлөө өөрсдөө шийдэх боломжтой болсон. Гэхдээ гэрээ, биелэлт зэргийг Хөдөлмөрийн яамнаас хараад, хянаад явна. Манай яам зөвхөн бодлого гаргаад явдаг гээд гэдийгээд суугаад байдаггүй. Хэрэгжилтийг нь хүртэл хянаад, хөдөө орон нутагт ажиллаад явдаг гэдгээрээ онцлогтой шүү.
Зарим нэг байгууллага ажиллуулж ажиллуулчихаад нэлээд татвар татаас авдаг. Зуныхаа амралтаараа ажилласан залуус нийгмийн даатгалд хамрагдах уу?
-Энэ талаар Хөдөлмөрийн яамны зүгээс залуучуудыг ажиллуулах боломжтой ажлын байр олгогчтой санал бодлоо солилцоод, гэрээ хийчихсэн байгаа. Тиймээс хуулийн дагуу, дүрэм журмаараар л явах ёстой.
Монголын Залуучуудын холбооны зүгээс Хөдөлмөрийн яамтай хамтран сум, орон нутаг бүрт хүрч ажиллана гэж ярилаа. Гэвч тус байгууллагынхан ажиллах хүчний хувьд маш цөөхөн шүү дээ?
-Өнгөрсөн жилийг хүртэл үнэхээр цөөхөн ажилтантай байсан нь үнэн. Бараг 10-аад ажилтантай л байсан байх. Гэхдээ энэ жилийн хувьд нийслэлд ажиллаж буй боловсон хүчний тоо нэмэгдэж 50 гаруй болсон. Дээрээс нь орон нутаг бүрт салбарын ажилтанууд нь ажиллаж байна. Тиймээс орон нутагт хүрч ажиллана гэж ярих нь бодитой зүйл юм.
Эх сурвалж: www.mminfo.mn
Н.Мөнхгэрэл