Нийслэлийн инновацийн дэд хөтөлбөрийн төсөлд санал авах олон нийтийн хэлэлцүүлгийгэнэ сарын 24-ний өдөр Улаанбаатар инновацийн төвд амжилттай зохион байгууллаа.
Шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэл, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэн инновацийн тогтвортой экосистемийг бүрдүүлж, гарааны бизнесийн өсөлтийг хангах, нийслэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтэц, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлуудыг орчин үеийн дэвшилтэт технологи, шинэ мэдлэг ашиглан шийдвэрлэх, өндөр технологи, мэдлэг шингэсэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгон гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэх замаар Нийслэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, инновацид суурилсан хөгжлийн загвар хот болгон хөгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэхэд энэхүү дэд хөтөлбөрийн зорилго оршиж буй юм.
Дэд хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэгт төрийн байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон хувийн хэвшлийн нийт 80 гаруй албан хаагч, иргэд оролцож дэд хөтөлбөрийн төсөлд тусгах санал болон инновацийн хөгжлийн талаар хэлэлцэж, санал бодлоо солилцлоо.
Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын орлогч дарга Ж.Билэгсайхан нээлтийн үг хэлж, Инновацийн талаар хэрэгжүүлж буй бодлогуудыг танилцуулсан юм. ШУТИС-ын БАТС-ын профессор, МҮХАҮТ-ын инноваци, гарааны бизнесийн зөвлөлийн тэргүүн Л.Оюунцэцэг “Нийслэл хотын инновацийн хөгжлийн өнөөгийн байдлын судалгаа”-ны тайлан болон “Нийслэлийн инновацийн дэд хөтөлбөр”-ийн төслийг танилцууллаа. Хэлэлцүүлэгт уригдан ирсэн оролцогчид өөрийн ажилладаг салбар болох Төрийн байгууллага, Хувийн хэвшил болон Их дээд сургууль гэж 3 салбарт хуваагдсан бөгөөд өөрийн салбар, байгууллагын хүрээнд инноваци хэрэгжүүлэхэд ямар асуудлууд тулгамддаг, түүнийг хэрхэн шийдвэрлэх болон инновацийн дэд хөтөлбөрийн төсөлд өгөх саналаа нээлттэй хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгт хувийн хэвшлээс 11 компани, бизнес эрхлэгчид оролцсон ба Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн захирал Ч.Ганзориг модератороор ажиллаж тэдгээрийн санал бодлыг сонсож дүгнэсэн. Хувийн хэвшил, ААНБ, бизнес эрхлэгчдэд инновацийг хөгжүүлэхэд мэргэшсэн боловсон хүчин дутмаг, эрдэм шинжилгээний ажил хомс, инновацийн талаар мэдлэг, мэдээлэл байхгүй, хамтын үйл ажиллагаа хэрэгждэггүй гэж үзсэнээр инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргав.
Яам, агентлаг, дүүрэг, хороо зэрэг 50 гаруй төрийн байгууллагын албан хаагчид оролцсон ба модератороор ШУТИС-ын БАТС-ын захирал Г.Баттүвшин ажиллаж төрийн байгууллагуудад инноваци хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, түүнийг хэрхэн шийдвэрлэх болон инновацийн дэд хөтөлбөрийн төсөлд өгөх саналыг дүгнэн ажилласан.
Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудаас нийт 15 багш, эрдэмтэд оролцсон ба энэ салбарын модератораар ШУТИС-ын БАТС-ын профессор Л.Оюунцэцэг ажилласан. Их дээд сургуулийн зүгээс эрдэм шинжилгээний ажил, шинэ нээлт, бүтээлийг дотоод, гадаадын зах зээлд гаргахад төр болон хувийн хэвшлийн зүгээс дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Энэхүү хэлэлцүүлгийн гол онцлог нь инновацийн оролцогч талууд болох төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэг дор цуглуулж тэдгээрийн санал бодлыг сонсож, Нийслэлийн инновацийн дэд хөтөлбөрт тусгах саналыг хэлэлцсэнээр амжилттай болж өндөрлөлөө.
Хүрэлцэн ирж саналаа бодлоо хуваалцсан инновацийг хөгжүүлэх хүсэл тэмүүлэлтэй албан хаагч, багш эрдэмтэд, бизнес эрхлэгчдийн өгсөн саналууд нь инновацийг хөгжүүлэхэд түлхэц болж үнэтэй хувь нэмэр оруулах болно гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээлэв.