Дүүрэгтээ үйл ажиллагаагаа явуулж байга жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдний борлуулалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанарыг сёайжруулах олон зорилгыг өмнөө тавьсан ЖДҮДТөв байгуулагдаад багагүй хугацааг үдэж байна. Энэ хугацаанд цөөнгүй ажил хийж гүйцэтгэсний нэг нь 60 гаруй оёдолчдыг хамруулсан “Их үйлс” оёдолчдын холбоог байгуулсан бол холбооны гишүүдээр дүүрэгтээ үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүн нийлүүлэх эхлэлийг мөн тавиад байна. Энэ ажлын эхлэл болж оёдолчдын холбооны гишүүн “Итгэл” хоршоо өнөөдөр “Багануур дулааны станц” ТӨХК-ний ажилчдын нормын хувцсыг оёх гэрээг байгууллаа. Гэрээ байгуулах ёслолд дүүргийн Засаг дарга М.Гончигжав, ЖДҮДТөв НӨҮГ-ын захирал Ю.Бямбаа, Багануур дулааны станц ТӨХК-ны гүйцэтгэх захирал н.Жаргалсайхан болон бусад албаны хүмүүс оролцлоо. Дүүрэгтээ үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг байгууллага аж ахуйн нэгжүүд ийнхүү худалдан авсанаар олон олон хүн ажлын байртай болох, гадагшаа урсаж байгаа мөнгөний урсгалыг дүүрэгтээ авч үлдэх олон ач холбогдолтой юм. Энэ тал дээр ч дүүргийн төр захиргааны байгууллагаас анхаарал хандуулан “Багануур” ХК-нд 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэд аж ахуй нэгжээс нийлүүлж болох талаар саналаа хүргүүлээд байгаа юм.