ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын алба, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын хамтран хэрэгжүүлж буй “Хил-2018” арга хэмжээний хүрээнд Буянт-Ухаа дахь гаалийн газар 3-р сарын 27-ны өдөр тусгай ажиллагаа зохион байгууллаа. Энэ ажиллагааны үеэр олон улсын ирэх чиглэлийн долоон нислэгийн 428 зорчигчид үзлэг шалгалт хийлээ.
Буянт-Ухаа дахь гаалийн газрын байцаагчид 24 цагаар ажиллаж өдөрт дунджаар арав гаруй онгоц, тэдгээрийн зорчигч, ачаа тээшинд үзлэг шалгалт хийхээс гадна ачаа тээвэр, шуудан илгээмжийн эд зүйлд IONSCAN600, Мансууруулах бодис илрүүлэгч тестер, гар рентген аппарат, BodyScan X-Ray, TrueNarc зэрэг багаж төхөөрөмжүүд болон албаны эрэлч нохойг ашиглан үзлэг шалгалт хийн ажиллаж байна.
Гаалийн хяналт, шалгалт болон хууль хяналтын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд 2017 онд хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан 12холбогдогчтой, 9 удаагийн үйлдэлд холбогдох 206.23 грамм “мөс” буюу метамфетамин, 200 ширхэг ЛСД, шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис/кетамины агууламжтай/ 39,1 гр, Анданте 112 капсулыг илрүүлэн хурааж, харъяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.
ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын алба, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу хийгдэж буй “Шалгалт-2018” арга хэмжээ 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэнУлс хоорондын шуудан илгээмж дэх гаалийн газартай хамтарсан шалгалт үргэлжлэн явагдаж байна.