Хүн амын өвөл, хаврын улирлын хэрэгцээнд шаардагдах гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж, хомсдол болон үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор 12,000 тонн төмс, хүнсний ногоо, 15-20 мянган тонн мах нөөцлөх шийдвэрийг Засгийн газар гаргасан.
Ерөнхий сайд Н.Учрал нөөц бүрдүүлэлтийн ажлын явцыг шалгаж, “Дельтафүүдс”, “Дөмөг хүнс” компанид /2026.11.14/ ажиллалаа.
Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулсан нөөцийн махны бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байгааг Ерөнхий сайд онцлоод ийн нөөцөлж байгаа нь өвөл, хаврын улиралд хомсдол үүсэх, үнийн огцом өсөлт бий болохоос урьдчилан сэргийлэхээс гадна малчид, тариаланчид, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж байгаа ажил юм гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Өнөөдрийн байдлаар 80 гаруй аж ахуйн нэгж, ногоочдоос 11,130 тонн төмс, хүнсний ногоо төвлөрүүлэн нөөц бүрдүүлэлт 92.8 хувьтай байгаа бол 3,091 тонн мах нөөцлөөд байна.
2026 оны улсын төсвийн тодотголд 120 тэрбум төгрөг суулгаж, стратегийн болон гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг төрөөс худалдан авч нөөц бүрдүүлэхээр шийдвэрлэсэн.
Нөөцийн махыг арилжааны банкны хөнгөлөлттэй эх үүсвэр, аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгө болон бондын эх үүсвэр гэсэн гурван сувгаар санхүүжүүлэн бэлтгэж байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкнаас 13 аж ахуйн нэгжид нийт 86.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй санхүүжилт батлагдаж мах бэлтгэх хяналтын гэрээ байгуулжээ.
Өнгөрсөн хавар нөөцийн махны нийлүүлэлт дутагдаж, зарим аж ахуйн нэгжүүд орон нутгаас бус захаас мах бөөндөн авч нөөцөлсөн, бэлтгэсэн мах нь зах зээлд бүрэн гараагүй зэрэг хариуцлагагүй алдаанууд гарсныг давтах ёсгүйг Ерөнхий сайд анхааруулаад холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Нөөцийн мах бэлтгэх ажлыг тогтоосон хугацаанд бүрэн зохион байгуулж, бэлтгэн нийлүүлэлтийн явц, гүйцэтгэлд өдөр тутмын хяналт тавьж ажиллах,
-Малчдаас, орон нутгаас мах бэлтгэн нийлүүлж байгаа эсэхэд гарал үүслийн цахим бүртгэл, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын холбогдох байгууллагын хяналтыг хэрэгжүүлэх,
-Цахим төлбөрийн баримтын системд холбогдсон мах бэлтгэн нийлүүлэгчдийн худалдан авалт, татан авалт, агуулахад төвлөрүүлсэн махны хэмжээ, гарал үүсэл болон үлдэгдлийн мэдээллийг dashboard.gov.mn системд тухай бүр, үнэн зөв бүртгэж, бодит мэдээлэлд үндэслэн нөөцийн бүрдүүлэлтийн явцыг хянах,
-Төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэлт 92.8 хувьд хүрсэн хэдий ч үлдэгдэл нөөцийг богино хугацаанд бүрдүүлж, төлөвлөсөн хэмжээ, нэр төрөл тус бүрээр гүйцэтгэлийг хангах,

-Төсвийн тодотголоор шийдвэрлэсэн 120 тэрбум төгрөгийн санхүүжилтийн зарцуулалт, хөнгөлөлттэй зээл болон бусад санхүүгийн дэмжлэгийн хэрэгжилт, тариаланч, үйлдвэрлэгчдэд олгосон санхүүжилт, төлбөр тооцооны мэдээллийг ил тод, нээлттэй болгож, тайлагнах,
-Нөөцийн мах, төмс, хүнсний ногоог хаврын улиралд зах зээлд нийлүүлэх нэгдсэн төлөвлөгөөг урьдчилан боловсруулж, бүтээгдэхүүнийг агуулахад удаан хугацаагаар хадгалах бус, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, үнийн нөхцөлтэй уялдуулан үе шаттайгаар борлуулах зохион байгуулалтыг хангах,
-Нөөцийн мах, хүнсний ногоог иргэдэд зах зээлийн үнээс боломжийн, тогтвортой үнээр хүргэх борлуулалтын цэг, хуваарь, тээвэр, түгээлтийн сүлжээг урьдчилан тодорхойлж, нийслэлийн бүх дүүрэг, хүн амын төвлөрөл ихтэй байршилд хүртээмжтэй худалдаалах нөхцөлийг бүрдүүлэх,

-Нөөцийн бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны үнэ, борлуулалтын хэмжээ, үлдэгдэл нөөцөд тогтмол хяналт тавьж, дамлан худалдах, зохиомлоор хомсдол үүсгэх, тогтоосон нөхцөлөөс зөрүүтэй үнээр борлуулахгүй байх,
-Аймаг, сумдын Засаг дарга нар орон нутгийнхаа хүн амын өвөл, хаврын улирлын хэрэгцээг тооцож, нөөцийн мах, төмс, хүнсний ногоо болон бусад гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, шаардлагатай бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж ажиллахыг тус тус даалгалаа.




