“Мэргэжил-Бидний
ирээдүй” хаврын аяны үр дүнг хэлэлцэх зөвлөгөөн 2013 оны 06 сарын 05-ны өдөр
Хөдөлмөрийн төв биржийн хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө. Аяны хүрээнд
2000 сурагчийг “Мэргэжил-Бидний ирээдүй” модульт сургалтанд хамруулж, сурагчдын
мэргэжлийн талаарх мэдлэг мэдээлэл, мэргэжлээ сонгосон байдал болон өөрийн
сонирхол, ур чадварыг хэрхэн нээж, цаашдаа амьдрах, сурах хөгжих үйл явцаа
хэрхэн тодорхойлж байгаа талаар судалгаа авсан юм. Сургалтыг мэргэшсэн сургагч,
зөвлөхүүд бүхий мэргэжлийн 23 байгууллагатай хамтран явуулсан юм.
Зөвлөгөөний зорилго нь хоёр сарын хугацаанд үргэлжилсэн “Мэргэжил-Бидний ирээдүй Хаврын аян”-ы сургалт, судалгааны ажлын тайлан, үр дүнг хэлэлцэх, ололт амжилтыг дүгнэх, сайн туршлагаа бие биедээ танилцуулж, туршлага хуваалцах, мөн цаашид энэ үйлчилгээг хөгжүүлэхэд анхаарах зүйлс, авч хэрэгжүүлэх шаардлагатай арга замуудыг тодорхойлоход чиглэж байв.
Зөвлөгөөнд 50 гаруй төлөөлөл оролцсон бөгөөд сургалт зохион байгуулсан сургалтын байгууллагуудын төлөөлөл сайн туршлагаасаа хуваалцаж, сургалтанд оролцсон сурагчдыг төлөөлж 2 сурагч өөрсдийн сэтгэгдэл, сурсан зүйлсээсээ хуваалсан юм.
Мэргэжлээ зөв сонгох нь хүний амьдрал, ажил хөдөлмөрийн амжилтын үндэс болдог бөгөөд улс орны хөгжилд ч тулгуур байр суурийг эзэлдэг байна. Мэргэжлээ анх сонгох гэж байгаа, дахин сонгох шаардлагатай байгаа, эсвэл ажил хөдөлмөрийн замаа сонгохдоо эргэлзэж, шийдвэр гаргахад мэргэжлийн туслалцаа хэрэгтэй байгаа хэнд ч Монгол улсын Хөдөлмөрийн төв бирж болон хамтрагч байгууллагуудын маань үүд хаалга нээлттэй байх болно.