Нийслэлийн
Налайх дүүргийн Хөдөлмөрийн бага чуулган энэ сарын 30-нд “Ажилтай орлоготой
Монгол хүн” сэдвийн дор боллоо. Хөдөлмөрийн хэлтсийн дарга Д.Нямсүрэн “Дүүргийн
хэмжээнд 3850 бүртгэлтэй ажилгүй иргэн байснаас уурхай зогссоноор 900 хүн
нэмэгдсэн. Эхний таван сарын байдлаар 803 хүнийг ажилд зуучилж, 583 нь ажилтай
болсон. Дүүргийн хэмжээнд 320 ажлын байр шинээр бий болж, 527 иргэнийг түр
ажлын байраар хангаад байна” хэмээн онцолж байв. Энэ үеэр “Барилгын материалын
үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийхэд 80 ажилтантай тоосгоны
үйлдвэрийн 12 ажилтан Налайхынх, бусад нь орон нутгаас ирж ажиллаж байх юм” гэж
дүүргийн ҮЭХ-ны дарга Ц.Санжаа-Ойдовт хэлсэн юм. Тэрбээр “Дүүргийн Засаг даргын
албан даалгавраар байгуулсан барилгын материал үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн
ажлыг шалгах ажлын хэсэгт дүүргийн ҮЭХ орж ажиллаж байгаа нь бидний хувьд нэг
алхам болж байна. Үүний үр дүнд дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа тоосгоны
үйлдвэр, элсний карьер, цементийн үйлдвэрүүдэд ХАБЭА хариуцсан ажилтангүй,
ажилчидтай Хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, орон нутгаас ирж ажиллаж байгаа иргэд
даатгалд хамрагдаагүй зэрэг зөрчил нэлээд байгааг илрүүлсэн. Бид аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагатай
ажилчин нэг бүртэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, тэднийг НД, ЭМД-д хамруулах,
ХАБЭА-н тухай хуулийг мөрдөж ажиллах нөхцөлөөр Хамтран ажиллах гэрээ
байгуулахаар боллоо. Одоогийн байдлаар Хонг-да, Гэрэлт-Орд, Баян-Эрдэнэ хүрд,
Хун хуа зэрэг найман тоосгоны үйлдвэртэй энэ гэрээг байгуулаад байна. Гадны
хөрөнгө оруулалттай тоосгоны үйлдвэрүүдэд дүүргийн ҮЭХ-ны ХАБЭА-н итгэмжлэгдсэн
төлөөлөгч ажиллууллахаар болсон” гэлээ.
Хөдөлмөрийн хэлтсийн дэмжлэгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд “Амур” салонд гурван жил хамтран ажилласан хоёр ажилтандаа захирал Ц.Амаржаргал ээтэн хоншоортой загварын эсгий шаахайг зарж борлуулах эрхийн бичгийг гардуулж өглөө. Энэ үеэр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл, хөдөлмөр эрхлэлтийн төсөл, хөтөлбөр, сургалтад хамрагдсан иргэдийн үзэсгэлэн худалдаа болж, зарим аж ахуй нэгж ХАБЭА-н тусгай зориулалтын хамгаалах хувцас хэрэгсэл сурталчиллаа.