
Засгийн
газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Сум хөгжүүлэх сангийн
хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам хэрэгжиж байна. Ингэхдээ
суманд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих, тэдэнд
бага хүүтэй, банкны шаардлагаас гадуур зээл олгох, ажлын байр нэмэгдүүлэх
зорилгоор Хөдөлмөрийн сайдын тушаалаар 2012, 2013 оны “Сум хөгжүүлэх сан”-гийн
эх үүсвэрийг тус тус хуваарилж, төрийн сангийн дансаар дамжуулан сумдад хүргэж
байгаа юм.
Үүнтэй
зэрэгцэн “Сум хөгжүүлэх сан”-гийн мөнгийг зориулалтын бусаар ашигладаг,
Засгийн газраас баталсан журмын дагуу олгодоггүй, танил талаар дамжуулан
санхүүжилтийг гаргадаг талаарх гомдол холбогдох газруудад ихээхэн ирдэг аж. Тиймээс энэхүү журмыг шинэчлэн, сайжруулж
батлуулах, түүнчлэн “Сум хөгжүүлэх сан”-гийн эх үүсвэрээр санхүүжүүлэх
төслүүдийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг ил тод, олон түмэнд нээлттэй
болгох зорилгоор Хөдөлмөрийн Сайд, Авилгатай тэмцэх газрын дарга нарын хамтарсан
тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг, мөн сангуудын журмыг дүгнэж, шинээр
боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсгүүд үйл ажиллагаа явуулж байгаа
аж.
Энэ
талаар өчигдөр Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх газраас
мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх газрын дарга
Б.Бат-Амгалан болон албаны бусад хүмүүс оролцсон юм. “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх,
зарцуулах, хяналт тавих” журмын 3.3-д зааснаар “Төсөл сонгон шалгаруулах
чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
тогтоолоор долоон гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулна. Төсөл
сонгон шалгаруулах зөвлөлийг сумын Засаг дарга ахлах бөгөөд зөвлөлийн гурван
гишүүн нь тухайн сумын иргэний төлөөлөл байна” хэмээн тусгасан байдаг.
Эдгээр заалтын хэрэгжилтийг
дүгнэх үүднээс 231 сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой танилцан,
дараах зөрчил дутагдлууд ажиглагдаж байгааг албаныхан хэлж байна. Тодруулбал
журамд заасан гишүүдийн тоог дутуу, эсвэл илүү батлах, сумдын Хөдөлмөрийн
болоод жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнийг тус зөвлөлийн
нарийн бичгээр ажиллуулаагүй, ИТХ-ын төлөөлөгчдийг иргэний төлөөлөл хэмээн
оруулах, зөвлөлийг иргэний төлөөлөл оруулахгүйгээр байгуулах, улстөрийн намын
хороо, товчооны дарга ИТХ-ын төлөөлөгч гэсэн нэрээр орох, арилжааны банкны төлөөлөл
оруулах, хууль, журамд заасны дагуу зөвлөлийн дэргэд Хяналтын хороо
байгуулаагүй гэх мэт зөрчлүүд илэрсэн байна.
Эдгээр
зөрчлийг арилгах зорилгоор журмын дагуу зөвлөлөө байгуулаагүй сумдад чиглэл
өгч, зөвлөлийг дахин шинээр байгуулах, хөдөлмөрийн болоод жижиг, дунд
үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнийг зөвлөлийн нарийн бичгээр
ажиллуулахыг журамд тусгаж өгөх, зөвлөлд орох иргэн нь албан тушаалын хувьд
ашиг сонирхлын зөрчилгүй, тухайн орон нутгийн байнгын оршин суугч байх,
зөвлөлийн бүрэлдэхүүнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төлөөлөл оруулахгүй
байх зохицуулалтыг хийх хэрэгтэй байна гэв.
Нийт 330 сумаас 99 сум “Сум хөгжүүлэх
сан”-гийн талаарх мэдээллээ ирүүлээгүй бөгөөд өчигдрийн байдлаар мэдээлэл
ирүүлсэн сумдын 60 хувь нь зөвлөлийн бүрэлдэхүүнийг журмын дагуу байгуулсан
байна.
“Сум хөгжүүлэх сан”-гийн мэдээлэл иргэдэд тэгш хүрэх ёстой
Энэ талаар Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн газрын дарга
Б.Бат-Амгалангаас дараах тодруулгыг авлаа.
Жижиг дунд үйлдвэрлэл, Сум хөгжүүлэх сангийн мөнгийг зун, намар олгосноос
цаг хугацаа алдаж, үр ашиггүй зээл болох эрсдэл гардаг байсан. Үүнийг хэрхэн
шийдэж байна вэ?
-“Сум хөгжүүлэх сан”-гийн зээл бол хөдөө орон нутагт, тэр дундаа малчид,
барьцаа хөрөнгөгүй хэрнээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой иргэдэд
зориулсан жилийн гурван хувийн хүүтэй, гурван жил хүртэлх хугацаанд олгогддог
зээлийн эх үүсвэр. Өөрөөр хэлбэл тухайн сумын хөгжлийн бодлого, Засаг даргын
мөрийн хөтөлбөртэй нийцэхүйц төслүүдийг санхүүжүүлэх ёстой юм.
Өнгөрсөн Засгийн газрын үед агентлаг байсан манай газар шинэчлэлийн Засгийн
газрын Хөдөлмөрийн яамны харьяа болон үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Өмнөх жилийн Сум хөгжүүлэх сангийн мөнгө УИХ-ын сонгууль, бусад шалтгааны
улмаас оны сүүлчээр хуваарилагдсан. Харин 2013 оны сум хөгжүүлэх сангийн 24
тэрбум төгрөгийг гуравдугаар сард багтаан хуваарилсан. Ингэснээр дөрвөн
сарын хугацаанд сум хөгжүүлэх санд хоёр оны мөнгө буюу 48 тэрбум төгрөг хуваарилагдсан
гэсэн үг.
Хөдөө орон нутагт эрхлэх боломжтой жижиг дунд үйлдвэрлэл нь ихэвчлэн улирлын
шинж чанартай байдаг. Тиймээс Хөдөлмөрийн сайдын үүрэг даалгавраар оны
эхэнд буюу гуравдугаар сард багтаан зээлийн эх үүсвэрийг нээсэн юм.
Танай газраас “Сум хөгжүүлэх сан”-гаас олгогдож буй зээлийн хэрэгжилтийн
талаар шалгалт хийж байгаа тухай мэдээлж байна. Энэ талаар?
-2011 оноос хойш Сум хөгжүүлэх санд нийт 72 тэрбум төгрөгийг улсын төсвөөс
гаргаад байна. Энэ бол хөдөөгийн хөгжил, орон нутгийн иргэдийн ахуй амьдралыг
дээшлүүлэхэд маш их хэрэгтэй зээлийн эх үүсвэр.
Гэхдээ жирийн иргэдэд энэ зээл хүрэхдээ улстөрийн, танил талын, сумын Засаг
даргын Тамгын газар тойрсон хэдхэн хүний хүрээнд нийт
иргэдэд мэдээлэл хүрдэггүй, төсөл сонгон шалгаруулах комиссыг хуулийн дагуу
байгуулдаггүй, “Сум хөгжүүлэх сан”-гийн журмыг хэрэгжүүлдэгүй, жирийн иргэдэд
мэдээлэл хүрдэггүй зээлийн хэрэгсэл болж хувирсан учраас манайхаас сумдад
шалгалт хийж байна.
Тухайлбал би хоёр долоо хоногийн өмнө баруун гурван аймгийн сумдад ажиллалаа.
Өнгөрсөн баасан гарагт Төв аймгийн Баян-Өнжүүл суманд ажилласан. Энэ долоо
хоногт Увс аймагт ажиллахаар төлөвлөөд байна.
Бодит байдал дээр зээлийг үнэхээр эмх замбараагүй олгосон байдал
ажиглагдаж байна уу?
-Шинэчлэлийн Засгийн газраас төрийн үйл ажиллагааг иргэдэд ил, тод шуурхай
болгох тэргүүн зорилт тавиад байгаа. Энэ хүрээнд “Сум хөгжүүлэх сан”-гийн
хэрэгжилтэд мониторинг хийхэд иргэдийн ирүүлсэн санал гомдол яг бодит амьдрал
дээр ч байна. Тухайлбал эдийн засгийн үр ашиг багатай төслийг санхүүжүүлэх,
зах зээлийн эрэлт хэрэгцээг тооцохгүйгээр олгох, олон хүнд хүртээх зорилгоор
500 мянгаас нэг сая төгрөгийг маш олон хүнд өгсөн байдал ажиглагдаж байна лээ.
Тэгэхээр бидний зүгээс Сум хөгжүүлэх сангийн журмыг шинэчлэхэд Авлигатай
тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран ажиллаж
байна. Энэ нь зөвхөн Сум хөгжүүлэх сан гэлтгүйгээр Жижиг дунд үйлдвэрлэл,
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Мэргэжлийн боловсрол сургалтын сан гэх мэт
Хөдөлмөрийн сайдын эрхлэх ажлын хүрээнд хамрагдах сангуудын журмыг эргэн харж
нягтлах юм.
Өмнө нь энэхүү зээлийн хэрэгжилтэд хяналт сул байсан учраас ийм асуудал
гарч байсан гэж ойлгож болох уу?
-Би дээр дурдсан. Шалгалт хийх болсон нэг шалтгаан нь иргэдээс Засгийн газрын
лавлах “11-11” төвд, Авлигатай тэмцэх газарт, манайд Сум хөгжүүлэх сантай холбоотой
гомдол их ирсэн. Мөн шалгалт хийж, журам шинэчлэгдсэнээр ард түмэнд нээлттэй
ажиллах эрх зүйн зохицуулалтыг хийх гэж байна.
Тодруулбал тухайн суманд юу хэрэгтэй байна, ямар төслийг хэрэгжүүлэх вэ
гэдгийг ард нийтээрээ хэлэлцээд ирүүлсэн төслүүдийг ач холбогдлынх нь дагуу
эрэмбэлнэ. Тэгээд аль нь сумын хөгжлийн стратегид нийцэж байгааг төслийг сонгон
шалгаруулах комисс шийдээд явах тогтолцоог нэвтрүүлнэ. Ингэснээр Засгийн
газар, цаашлаад сумын Засаг даргын Тамгын газрын ажил үр дүнтэй болох юм.
Өглөөний сонин
Д.Баяржаргал