Төв аймгийн Хөдөлмөрийн хэлтэс 2013 оны 5-р сарын 29-ний өдөр “Зохистой Хөдөлмөрийн өөрчлөлтийг Төв нутгаас эхлүүлье” уриатайгаар хөдөлмөрийн бага чуулганаа зохион байгууллаа. Хөдөлмөрийн бага чуулганд 27 сумын Засаг дарга, Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ажил олгогч байгууллагын төлөөлөл, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлөөлөл зэрэг 150 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Чуулганыг Хөдөлмөрийн яам, МҮЭХ, МАОЭНХ болон Төв аймгийн ЗДТГазар, Хөдөлмөрийн хэлтэс, Аймгийн ҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн холбоохамтран зохион байгууллаа. “Зохистой хөдөлмөрийн төлөөх өөрчлөлтийг Төв нутгаас эхлүүлье” уриатай хөдөлмөрийн чуулганыг тус аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Б.Нямсүрэн нээж үг хэлэн, “Зохистой хөдөлмөрийн төлөөх өөрчлөлтийг Төв нутгаас эхлүүлье” илтгэлийг Аймгийн Засаг дарга Д.Баярбат тавьлаа.
Мөн Аймгийн АОЭХолбооны гүйцэтгэх захиралР.Алтанцэцэг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэхэд ажил олгогчдын үүрэг, оролцоо” илтгэл, Аймгийн ҮЭХолбооны дарга Д.Оюун “Нийгмийн зөвшлийн байгууллагуудын хамтын үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлууд” илтгэл, Хөдөлмөр сонины эрхлэгч Б.Бүрэнжаргал “Орон нутагт зохистой хөдөлмөрийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх алхам” илтгэлүүдийг тус тус тавьсан.
Хөдөлмөрийн бага чуулганаас “Ажилтай орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулахын зэрэгцээ, ажил олгогч байгууллагууд, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй иргэдэд хандаж “Уриалга”-ын төсөл уншиж танилцуулан хэлэлцүүлэн батлаж “Уриалга” гаргалаа. Манай аймаг “Хөдөлмөр” сонины редакцтай хамтран “Зохистой хөдөлмөр ба бүтээмжийн хөдөлгөөн” аяныг өрнүүлж эхлээд байгаа бөгөөд “Зохистой хөдөлмөр ба бүтээмжийн хөдөлгөөн”-ийг 2013-2016 онд өрнүүлэх аймгийн хөтөлбөрийг боловсруулсан билээ.
Хөдөлмөрийн бага чуулганы хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Зохистой хөдөлмөр ба бүтээмжийн хөдөлгөөн” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, 27 сумын Засаг дарга нарт “Зохистой хөдөлмөр ба бүтээмжийн хөдөлгөөн” аймгийн хөтөлбөрийг албан ёсоор гардуулан өглөө.
Хөдөлмөрийн бага чуулганы ажлын хүрээнд “Ажилтай, орлоготой хангалуун сайхан амьдралын төлөө” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж тус аймгийн 27 сумын 178 иргэн, аж ахуйн нэгж 72 брэнд бүтээгдхүүний нэр төрөлтэйгөөр оролцлоо. Үзэсгэлэн худалдааны үеэр нийт 21 710 000 төгрөгний борлуулалт хийн 3 600 000 төгрөгний бараа бүтээгдэхүүний захиалга аван олны талархал урмаар урамшсан сайхан арга болж өнгөрлөө.
“Зохистой хөдөлмөрийн төлөөх өөрчлөлтийг Төв нутгаас эхлүүлье” хөдөлмөрийн бага чуулганы хүрээнд зохион байгуулагдсан “Ажилтай, орлоготой хангалуун сайхан амьдралын төлөө” үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцсон сум, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бүтээлийг шалгаруулан шагнаж урамшууллаа.