Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны
улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Ажилтай орлоготой Булганчууд”
хөдөлмөрийн бага чуулганыг Аймгийн ЗДТГазар, Хөдөлмөрийн хэлтэс, Үйлдвэрчний
эвлэл, АОЭХолбоо хамтран 2013 оны 5-р сарын 29-ны өдөр зохион байгууллаа.
Тус чуулган нь нийгмийн түншлэлийн гурван талын төлөөллийг оролцуулан зохион байгуулж, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн хамтын ажиллагааг сайжруулах, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл хоршоог дэмжин ажлын байрыг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой байлаа.
Чуулганд Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн зах зээл, ажлын байр дэмжих хэлтсийн дарга Ц.Амартөгс, Хөдөлмөрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Т.Эрдэнэ, Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан, МҮЭХ-ны нарийн бичгийн дарга Г.Адъяа, Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга Г.Буянжаргал, Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Т.Цэнддоо, Аймгийн Ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирал Б.Ганаасүрэн нарын албаны хүмүүс болон 110 гаруй иргэд оролцлоо.
Чуулганы үеэр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомж, бодлого түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний сургалтуудыг зохион байгууллаа. Мөн аймаг сумдын ҮЭ-ийн болон АОЭХ-ын төлөөлөгчдөд Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ болон Хөдөлмөр Эрхлэлтийн Үндэсний Зөвлөлөөс баталсан 8 хөтөлбөрүүдийн зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, санхүүжилт, хяналт үр дүнгийн талаар Хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батсайхан, Д.Амгалан нар танилцуулсан бол Нийгмийн Хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн М.Батчимэг “Ажлын байр бий болгох аймгийн хөтөлбөр” түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөлд санал авч хэлэлцүүлэг хийлээ.
Энэ үеэр ХАА-н МСҮТ, БШУЯ-ны харъяа МСҮТболон Монголын үйлдвэрлэл үйлчилгээний хоршоодын холбоо, “Булган уран” хоршооны сургалтанд хамрагдсан суралцагчид өөрсдийн бүтээгдэхүүний дээжээс үзэсгэлэн гаргасан байна. Мөн аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үзүүлэх сургууль”-ийг зохион байгуулсан юм.
Мөн энэ үеэр "Ажилтай орлоготой Монгол хүн" Үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь” сэдэвт илтгэлийг Хөдөлмөрийн зах зээл, ажлын байр дэмжих хэлтсийн дарга Ц.Амартөгс, “Хөдөлмөрийн бодлогыг хэрэгжүүлэхэд Монголын үйлдвэрчний эвлэлийн оролцоо хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” сэдэвт илтгэлийг МҮЭХолбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, “Хөдөлмөрийн харилцаа, нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд талуудын оролцоог хангах” тухай илтгэлийг Аймгийн ҮЭХолбооны тэргүүлэгч Ч.Оюун, “Хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал цаашдын зорилт” сэдэвт илтгэлийг Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Ганжаргал, “Хөдөлмөрийн зах зээл дээрх мэргэжилтэй ажилтан бэлтгэх тухай” ХАА-н МСҮТ-ийн сургалтын менежер Н.Пүрэвсайхан, “Хөдөлмөрийн бодлогыг хэрэгжүүлэхэд ажил олгогч эздийн оролцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” сэдэвт илтгэлийг АОЭХ-ны гүйцэтгэх захирал Б.Ганаасүрэн нар тавьж Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудал түүнийг орон нутгийн нөөц боломжийг ашиглан хэрхэн даван туулах арга замын талаар санал асуулга зохион байгуулж зөвлөмж гаргалаа.
Чуулганы үр дүнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээ, Нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээр, түүний хэрэгжилтийн талаар тодорхой мэдлэгтэй болж, “Ажлын байр бий болгох аймгийн хөтөлбөр” түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөлд санал авлаа.
Мөн Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлыг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаарх чуулганы зөвлөмж гаргалаа. Гаргасан зөвлөмжөө Хөдөлмөрийн Үндэсний чуулганд болон сумдад хүргүүлэхээр ажлын хэсэг ажиллаж байна.