Нийслэлийн 2016 оны хот тохижилт, ногоон байгууламжийн ажил, “АСЕМ-11”
уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотын гудамж,
цэцэрлэгүүдэд ногоон байгууламжийн ажил хийж байна. Уг ажлын хүрээнд
АСЕМ-ийн 13 гудамжинд 5500 мод сөөг тарив.
Энэ онд хотын өнгө
үзэмжийг нэмэгдүүлэх, иргэдийг цэвэр цэмцгэр, эрүүл, тав тухтай орчинд
амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хотын гудамж талбайн 25000 метр
квадрат талбайг цэцэгжүүлэх юм. Чингисийн өргөн чөлөөнөөс цэцэг тарих
ажлыг эхлүүлсэн бөгөөд 350 мянган метр квадрат талбайд зүлэг тарихаас
Нисэх, Яармагийн зам дагуух 80000 метр квадрат талбайг зүлэгжүүлж, 3750
улиас модыг эгнээгээр болон бүлэглэх хэлбэрээр тарина.
Ногоон
байгууламжийг арчлалтын ажил эхэлж график, төлөвлөгөөний дагуу явагдаж
байгаа бөгөөд зүлэг нөхөн болон шинээр тарих газруудад талбай бэлтгэх
ажил хийж байна. Зүлэгний үрлэгээг 06 сарын 05-наас 06 сарын 15-ны
хооронд хийх юм.
Нийт 152000 метр квадрат гудамж талбайд хөрс
ариутгах, 170000 мод сөөгөнд хортон шавьжтай тэмцэх наалдуулагчийг 7-10
хоног наах , 3500 эм улиасны үрийн молцогийг гараар түүж цагаан унгарил
хийсэлтийг багасгах ажлуудыг хийж байна. Энэ сарын 20-ноос зэрлэг
ургамлыг устгах, мод, бут сөөг, ургамлан хашлагыг засч хэлбэржүүлэх ажил
хийнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.