Хангайн бүсийн арга зүйн төвийн захирал Д.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг харьяа 6 сургуулийнхаа үйл ажиллагаатай танилцжээ. Дээрх ажлын хүрээнд сургууль тус бүрийн үйл ажиллагааны онцлогтой танилцан, бүсийн арга зүйн төвтэй хэрхэн хамтарч ажиллах талаар сургуулиудын багш, ажилтнууд, уидрлагуудтай санал бодлоо солилцсон байна.
Энэ үеэр Архангай аймаг дахь Булган МСҮТ-ийн захирал Г.Байгалмаа хувийн хэвшлийн сургуулиудын давуу тал, онцлог, зах зээлийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, асуудлыг шийдэхдээ үргүй зардал гаргахгүй, оюутан бүрт зориулсан дадлагын сургалтын загварыг гаргаж ажиллаж байгаа болон Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн захирал Н.Сайнжаргал Мэргэжлийн сургуулийн ёс зүй, орчин, үнэлэмж, үнэ цэнэ, соёлын стандартыг бүрдүүлэн ажиллаж сургуулиа “Ёс зүйг эрхэмлэгч сургууль” болгосон туршлагаас хуваалцсан байна. Мөн уян хатан менежментийг сонгож, чадамжид суурилсан сургалтын орчинг бүрдүүлэн, чадамжийн нэгжээр дадлагын газраа тохижуулсан нь бүсийн төдийгүй улсын хэмжээний Мэргэжлийн сургуулиудад тэргүүн туршлага болохуйц үйл ажиллагаа болж байна гэдгийг Бүсийн арга зүйн төвийн ажлын хэсэг онцолж байсан юм.