Энэ сарын 03-ны өдөр “тохижилтын ажлыг зохион байгуулах тухай” Засаг даргын А/137-р захирамж гарсан билээ. Энэхүү захирамжийн дагуу дүүргийнхээ өнгө үзэмжийг сайжруулах, гудамж, барилга байгууламж, зам талбайг тохижуулах ажлыг энэ сарын 20-ны дотор иргэд аж ахуйн нэгж байгууллагууд хийх үүргийг хүлээгээд байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг 83 байгууллагаас 56 байгууллага гадна орчны тохижилтын ажлаа бүрэн хийж дуусгаад байгаа бол Багануур Ус, ЭМН, Хас банк, Нийгмийн даатгалын хэлтэс, МХХ зэрэг 27 байгууллага огт тохижилтын ажил хийгээгүй байна. Харин нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтын ажлыг “Авто жим” НӨҮГ хийж гүйцэтгэсэн бөгөөд одоогийн байдлаар 80 хувьтай байна.
Дүүргийн Засаг даргын захирамж гарсантай холбоотойгоор ЗДТГ-ын ТХҮХэлтсээс А/76 тоот албан бичгийг байгууллага аж ахуйн нэгжүүдэд хүргэсэн бөгөөд энэхүү албан бичигт дурдсанаар байгууллагууд гадна фасад, ногоон байгууламжийн саад хашлагыг цагаан өнгөөр жигдрүүлэн будах үүрэг даалгаврыг өгсөн байна. Зарим хашлага хайсыг жилийн өмнө, заримыг нь хэдэн сарын өмнө буддаг байдлыг зогсоож ийн нэг хугацаанд будсанаар дүүргийн өнгө үзэмж жигд дээшлэх үр нөлөөтэй юм. Тийм ч учраас энэ хугацаанд байгууллага аж ахуйн нэгжүүдэд тохижилтын ажлыг хийх тодорхой хугацааг зааж өгсөн хэдий ч байгууллагууд хойрго хандсаар байна. Тохижилтын ажлаа бүрэн хийгээгүй байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцох юм байна.