УИХ-ын
нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн барьсан Хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих тухай болон Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зөв хэмээн үзсэн тул
өнөөдөр болсон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын
хорооны хуралдаанаар дээрх хуулиудын төслийн анхны хэлэлцүүлгийг
хийлээ. Байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай
хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Мэргэжлийн боловсрол,
сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг
хэлэлцэх үед гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн
төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй гэсэн Улсын Их
Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн
саналыг гишүүд дэмжсэн юм. Ингэснээр хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн
хуралдаанаар хэлэлцүүлж анхны хэлэлцүүлгээр нь батлуулах саналыг
хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив.