Цалин
хөлсний зохистой тогтолцоо, зохицуулалтын оновчтой механизмыг аж ахуйн
нэгж, байгууллагад бий болгох, уул уурхай, барилгын салбарт цалин
хөлсний хэлэлцээр байгуулах зорилтын хүрээнд Олон улсын хөдөлмөрийн
байгууллагын дэмжлэгтэй “Ажлын байрны үнэлгээ ба цалин хөлс тогтоох
арга, аргачлал” сэдэвт гурван өдрийн сургалтыг энэ сарын 16-18-нд
зохион байгууллаа.
Сургалтад Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Бээжингийн товчооны хөдөлмөрийн харилцааны ахлах мэргэжилтэн Ёонг Мүү, БНСУ-ын Хөдөлмөр, нийгмийн харилцааны хүрээлэнгийн захирал Ну Гванг Пюу, судлаач Лий Жонгсуу нар оролцож цалин хөлсний тогтолцоо, үнэлэмж, ур чадварт суурилсан цалин хөлсний тогтолцоо, ажлын байранд суурилсан цалин хөлсний тогтолцоо болон ажлын байрны үнэлгээ хийх аргуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлав.
Сургалтад барилга, уул уурхайн салбарын томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын цалин хөлс хариуцсан эдийн засагч нар, ҮЭ-ийн төлөөлөл, салбарын яамд, эрдэмтэн судлаач нар оролцсон.
Энэхүү сургалтыг зохион байгуулснаар салбарын болон аж ахуйн нэгж байгууллагын цалин хөлсний тогтолцоог оновчтой болгох төдийгүй барилга, уул уурхайн салбарын үндсэн цалингийн жишгийг ажил мэргэжлээр гаргах, цалин хөлсний ялгаатай байдлыг бууруулах, ажлын байрны үнэлэмжийг бодитой тогтоох үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгөх юм.