Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын харьяа “Од”
зусланд очиж нийслэлийн асрамжийн газрын хүүхдүүдтэй уулзлаа. Энэ үеэр
асрамжийн газрын үйл ажиллагаанд зориулан хүүхдийн автобус, Австрийн
Элчин сайдын яамнаас хандивласан дарсыг “Венийн Үдэш” цэнгүүний үеэр
дуудлага худалдаагаар борлуулж, цуглуулсан 1 сая төгрөгийг тус төвийн
хүүхдүүдэд хандивлалаа.
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Сургуулийнхаа, нийслэлийнхээ нэр
хүндийг өргөж яваа та бүхэндээ баярлалаа гэж хэлэхээр бид зорин ирсэн
юм. Саяхан зохион байгуулсан “Венийн Үдэш” арга хэмжээнд Хүүхэд
Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын үлээвэр хөгжмийн
хамтлаг идэвхитэй оролцож өөрсдийн ур чадвараа харуулж, хичээл номдоо
чамдан амжилттай суралцаж, олон авьяастай хүүхдүүд Та бүхний дундаас
гарч байгаа нь бахархалтай байна. Хотын захиргаа Та бүхнийг дэмжиж
ажиллана” гэв. Мөн тэрээр Асрамжийн газрын үйл ажиллагаанд зориулан
хүүхдийн автобус, Австрийн Элчин сайдын яамнаас хандивласан дарсны
борлуулалтаар цуглуулсан хандивийг өглөө.
Хүүхэд залуучуудын сургалт
хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Лхамсүрэн “мөрөөдөлтэй,
тэмүүлэлтэй ийм сайхан зүйлүүдэд манай хүүхдүүд сургалцаж байгаад бид
маш их баяртай байна. Эх орондоо ихийг бүтээх иргэдийг төлөвшүүлж
хөгжүүлэхийн төлөө манай цогцолборын хамт олон тэмүүлэн ажилладаг.
Бидний зорилгыг биелүүлэхэд гүн дэмжлэг үзүүлдэг байгууллагууддаа
талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.