
Монгол Улсын Ерөнхийлөгчийн
санаачилсан “Шилэн данс”-ны тухай хууль 2015 оны 01 дүгээр сарын 01-ний
өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Тус хуулийн дагуу нийслэлийн нутгийн
захиргааны байгууллагууд санхүү, эдийн засгийн бүхий л мэдээллийг
байгууллагынхаа цахим хуудсанд байршуулж, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй.
Мэдээллийн дагуу иргэд тухайн байгууллагаас санхүүгийн мэдээлэл авч,
хяналт тавих эрхтэй болсон юм. Хуулийг анх санаачилж, боловсруулах
шатанд нийслэлээс дэмжиж өнгөрсөн онд нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn
цахим хуудсанд “Шилэн данс” гэсэн цэсийг шинээр байршуулж, ажиллуулж
эхэлсэн. Мөн нийслэлийн Засаг даргын 2012 оны “Мэдээллийн ил тод байдлыг
хангах тухай” А/606 дугаар захирамжийн дагуу нийслэлийн удирдлагуудын
гадаад, дотоод томилолтын зардлын тайланг олон нийтэд нээлттэй мэдээлж
байгаа юм.
