Бага боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд
түгээн дэлгэрүүлэх, суурь боловсролын сургалтын хөтөлбөрийг турших
бэлтгэлийг хангах зорилгоор БШУЯ-ны газар, хэлтсийн дарга,
мэргэжилтэнгүүд болон БМДИ,нийслэл, орон нутгийн боловсролын газар,
аймгийн төвийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага,
лаборатори сургуулийн захирлууд оролцсон видео хурал өнгөрсөн бямба
гаригт боллоо.
Энэ үеэр оролцогчид боловсролын чанарын шинэчлэлийн
хэрэгжилт, эрх зүйн орчин, бодлого чиглэл, оролцоо, бага боловсролын
шинэчлэлийн хэрэгжилт, шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг орон нутагт
түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулж харилцан
туршлагаа хуваалцлаа. Мөн 2014-2015 оны хичээлийн жилийн жилд дэвшүүлж
буй зорилго зорилтоо танилцуулсан юм.
Ерөнхийдөө орон нутагт,
бүх аймагт боловсролын шинэчлэлийн бодлого жигд хүрч "Зөв монгол хүүхэд"
хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй "Авьяас", "Ном" хөтөлбөрийн хэрэгжилт
өргөн хүрээг хамарсан. Үүний үр дүнд хүүхдэд өөртөө итгэх итгэл
нэмэгдэж сурлагад нь ахиц гарч байгаа, түүгээр дамжуулан эцэг эхийн
оролцоо нэмэгдсэн гэдгийг хэлж байлаа.
Аймаг тус бүр 500, 1000
хүүхдийн тайлан тоглолт хийсэн нь хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлээд
зогсохгүй орон нутгийн нэрийг нийтэд сурталчилсан, түгээн дэлгэрүүлсэн
томоохон ажил болж өрнөж байгаа аж. Түүнчлэн хүүхэд нэг бүрийг
хөгжүүлэхэд хүүхдийн тоо хамаардаггүй юм байна, хүүхэд бүр хөгжиж болдог
юм байна гэдгийг багш, захирлууд төдийгүй эцэг, эхчүүд ойлгож
талархалтай хүлээн авах болжээ.
Хуралд оролцогчид мөн 2014-2015
оны хичээлийн жилд Бага боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг
үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, суурь боловсролын сургалтын
хөтөлбөрийг турших бэлтгэлхангагдсан гэдгийг хэлж байлаа.