Айлчллалын хүрээнд Тува –Монголын ард түмний найрамдалт харилцааг бэхжүүлэх, Увс аймаг ба Тува улсын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Увс аймгийн ЗДТГ, ИТХ-аас санаачлан Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжилснаар ОХУ-ын тусгаар тогтнолын баярын өдрийг тохиолдуулан ОХУ-ын Тува улсын Засгийн газрын Тэргүүн Шолбан Валерьевич Кара-оолыг Монгол улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг Кызыл хотноо суугаа Монгол улсын Ерөнхий консул Д.Ганболдын хамт Тува улсын Засгийн газрын тэргүүнд уг шагналыг гардуулав.
Уг шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Тува улсын Дээд хурлын орлогч дарга Ольга Валерьевна Кольчикова, Засгийн газрын орлогч нар, сайд дарга нар болон Тува улсын олон нийт оролцож Монгол улсын төр засаг, Монгол улсын Ерөнхийлөгчөөс хүндэтгэл үзүүлэн олгосон уг шагналыг хүндэтгэн хүлээн авах нь нэр хүндтэй зүйл бөгөөд цаашдаа ард түмний найрамдалт харилцааг бэхжүүлэх үйлсэд чадах бүхнээ хийхээ Тува улсын Засгийн газрын тэргүүн Шолбан Валерьевич илэрхийллээ.
Аймгийн ИТХ-ын дарга болон төлөөлөгчдийг Тува улсын Дээд хурал/парламент/-ын орлогч дарга О.В.Кольчикова хүлээн авч уулзсан бөгөөд хоёр талын хурал хоорондын хамтын ажиллагааны асуудлаар дүгнэн ярилцаж санал солилцсон төдийгүй Кызыл хотноо суугаа Монгол улсын Ерөнхий Консулын газраар орж Консулын газрын хамт олонтой уулзаж ярилцан Тува-Увс аймгийн харилцаанд хил гаалийн асуудлаар тулгарч буй бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцон зарим үүрэг чиглэлийг хэрэгжүүлэхээр боллоо.
Гадаад харилцааны мэргэжилтэн О.Саруул