Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, коллежууд өдгөө 800 гаруй мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Тэгвэл Боловсол, шинжлэх ухааны яамнаас "Мэргэжлийн чиглэл, индекс"-ийг шинэчлэн баталж дээрх тоог 175 болгож цөөлсөн байна. Энэ талаар "Дээд боловсролын шинэчлэл"-ийн төслийн зөвлөх Р.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Саяхан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас бакалаврын хөтөлбөрийн жагсаалтыг баталсан байна. Ийм шинэ жагсаалт баталсан нь ямар учир шалтгаантай юм бол?
-Бид их, дээд сургуулиар мэргэжилтэн бэлтгэхдээ яамнаас баталсан мэргэжлийн жагсаалтын дагуу сургалтын төлөвлөгөө зохиож, түүнийхээ дагуу сургалтыг зохион байгуулж ирсэн. Энэ нь дээд сургуульд элсүүлэх хүний тоог төгсөх үед нь ажиллуулах ажлын байртай холбон төлөвлөж, сургуулиа төгсөхөд нь тэрхүү төлөвлөснийхээ дагуу ажилд шууд томилж байсан төвлөрсөн төлөвлөгөөний нөхцөлд тохируулсан зохицуулалт байсан. Ийм ч учраас бид дээд сургуульд сургахыг "мэргэжилтэн бэлтгэх", "боловсон хүчин" бэлтгэх гэж ярьж хэвшсэн байна.
Гэтэл 1990-ээд оны эхнээс, тодруулбал, албан ёсоор 1995 онд баталсан Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуулиар дээд боловсрол нь бакалавр, магистр, доктор гэсэн шатлалтай байхаар хуульчилж мөрдөж эхэлсэн. Энэ нь урьдчилан төлөвлөсөн ажлын байранд зориулан "мэргэжилтэн бэлтгэж" байсныг өөрчилж, боловсрол олгох шинэ тогтолцоонд шилжүүлсэн явдал юм. Өөрөөр хэлбэл ажил олгохыг зөвхөн төр дангаараа төлөвлөж шийдвэрлэх боломжгүй болсон, иргэн хүн эзэмшсэн боловсролоо хэрхэн ашиглаж хэрэглэхээ өөрөө сонгож шийдэх боломж, хэрэгцээг тусгасан гэж ойлгож болно. Ийм шинэчлэлийг бидний хувьд загвар болж байсан зөвлөлтийн дээд боловсролын системтэй бүх орнууд хийсэн шүү дээ. Европын холбооны орнууд дээд боловсролын нэгдсэн орон зай бүтээх Болоний процесс гэдэг хамтын гэрээнийхээ хүрээнд бүгд бакалавр-магистр, доктор гэсэн шатлалтай системд шилжиж байна. Энэ утгаараа ардчилал, зах зээлийн харилцааны шинэ нөхцөлд дээд боловсролыг шилжүүлсэн, дэлхий нийтийн чиглэж буй нийтлэг хандлагад нийцүүлсэн суурь шинэчлэл байсан. Харин үүнийг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлэх ажил олон жил үргэлжилж байна. Энэ суурь өөрчлөлтийг тусгалгүй, өмнөх жишгээрээ мэргэжилтэн бэлтгэсээр ирсэн. Үүний илэрхийлэл нь саяхан болтол дээд боловсролын "мэргэжлийн" жагсаалтыг яам батлан, түүний дагуу сургуулиудын сургалтын хөтөлбөрийг хянан баталж мөрдүүлж ирсэн явдал юм. Харин энэ жилээс хуулийн дагуу дээд боловсролын сургууль "мэргэжилтэн бэлтгэх" бус, дээд боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх чиг үүрэгтэйг үндэслэн бакалаврын хөтөлбөрийн жагсаалт болгож баталсан байна.
-Мэргэжил сонголтоос хөтөлбөр сонголтод шилжснээрээ ямар давуу талтай юм бэ?
Иргэн хүн боловсролдоо үндэслэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх "мэргэжилтэн" болохын тулд эрх бүхий байгууллагын тогтоосон журмын дагуу шалгуулж, үнэлүүлж энэ эрхийг эдлэх шинэ зохицуулалт нэгэнт тогтсон. Тухайлбал, эмчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх бол Эрүүл мэндийн яам, багшлах эрхийг Боловсрол, шинжлэх ухааны яам, хуульчийн мэргэжлийн эрхийг Хуульчдын холбоо тусгайлан тогтоосон журмынхаа дагуу олгож байна. Жишээлэхэд, эрхзүйн дээд боловсрол эзэмшсэн хүн бүхэн заавал хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх албагүй, иймд эрхзүйн хөтөлбөрт суралцах хүний тоог хуульчаар ажиллуулах орон тоотой тулган хязгаарлах шаардлагагүй гэсэн үг болно. Харин суралцах хүн энэ боловсролоо яаж ашиглах, үүний тулд цаг хугацаа, хөрөнгө хүчээ энэ хөтөлбөрт суралцахад зориулах нь хэр зохистой вэ гэдгээ өөрөө сонгож шийднэ.
-Бакалаврын хөтөлбөрт шилжсэнээр ямар үндсэн өөрчлөлт орж байгаа вэ?
-Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, ажлын байрны шаардлага, шинж чанар байнга шинэчлэгдэн өөрчлөгдөж байна. Өнөөгийн ийм нөхцөлд хөрвөж ажиллах чадварыг сайжруулах үүднээс мэргэжлийн хувьд өргөн суурьтай болгохыг эрмэлзэж, хэт нарийвчилсан зарим хөтөлбөрийг нэг хөтөлбөртхамруулан баталсан гэж ойлгож байгаа. Ингэснээрээ өмнө байсан жагсаалт ихээхэн цомхон болжээ. Харин магистр, докторын шатанд илүү нарийвчлан мэргэших шаардлага, боломжийг тусгана. Эдгээр шатны хөтөлбөрийн жагсаалтыг одоо боловсруулж байгаа. Хуулиар тогтоосны дагуу дээд боловсролын хөтөлбөрт суурилсан сургалтын зохион байгуулалтад шилжих ажил жигдэрч, цэгцэрч, эрчимжихэд энэ шийдвэр чухал алхам боллоо гэж үзэж байна.
-Энэ өөрчлөлт оюутандямар ач тустай байх вэ? Гарч болзошгүй хүндрэл байна уу?
-Дээд сургуульд элсэхдээ хүн бүр 4-5 жилийн дараа болон түүнээс цааш ямар чиглэлээр ажил хөдөлмөр эрхлэхээ ягштал тогтож баримжаа суусан байх нь ховор. Энэ байдал зөвхөн манайд ч биш, хөгжлийн түвшингээр түрүүлж яваа улс орнуудад ч түгээмэл байдаг. Энэ нь ямар чиглэлээр мэргэшихээ сонгоход бэлтгэгдсэн байдлаас гадна хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны хүрээнд маш эрчимтэй өөрчлөлт хөдөлгөөн явагдах болсонтой холбоотой. Ялангуяа хувийн хэвшил давамгайлсан, эдийн засгийн огцом өсөлт тэлэлт явагдаж байгаа нөхцөлд ирээдүйн ажлын байрны хэрэгцээ, түүнд тавих шаардлага ч маш хөдөлгөөнтэй болж байгааг тооцох хэрэгтэй. Сүүлийн хэдхэн жилийн дотор манай хүүхдүүдийн сонголт бизнес, олон улсын харилцаанаас барилга, дараа нь уул уурхай руу ихээр хэлбэлзэж байгааг бид харж байна. Дээд сургуульд сурч байх үедээ мэргэжих чиглэлээ тодотгох, өөрчлөх боломжийг энэ өөрчлөлт нээж баталгаажуулж байна. Өөрөөр хэлбэл оюутан хүний сонгох боломжийг өргөтгөж албажуулж байна гэсэн үг. Энэ нь нэгэнт элссэн явцуухан мэргэжилд уягдаж, өөрчлөх тохиолдолд цаг хугацаа, хөрөнгө зардлын алдагдал хүлээхэд хүрдгийг арилгаж байна. Иймээс юуны түрүүнд оюутан хүний эрх ашигт хамгийн нийцсэн, тэдэнд тустай шийдэл гарлаа. 1990-ээд оноос эхлэн шинэчлэлийг манлайлж, дэлхий нийтээр чиглэж буй энэ зарчимд баримжаалан ажиллаж байгаа олон сургууль онцын хүндрэлгүй хөтөлбөрөө шинэтгэж чадна. Харин "мэргэжилтэн бэлтгэдэг туршлагаа" үргэлжлүүлсээр байгаа зарим сургууль, багш нарын хувьд чамгүй хөдөлмөр зарж, хүчин чармайлт гаргах шаардлагатай болно. Гэхдээ энэ бол бидний хэдийнээ хийх ёстой байсан үүрэг, хойш тавих шаардлагагүй чухал алхам.