МУИС-д хэрэгжүүлж эхэлсэн бүтцийн өөрчлөлтийн асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна. Энэ бол дээд боловсролын салбараа өөрчлөн шинэчлэх төр, засгийн бодлого, үйл ажиллагааны эхлэл юм.
Их, дээд боловсролын шинэчлэл, ирээдүйн чиг хандлагыг хөндсөн энэ асуудлаар манай сонин “Редакцын уулзалт” зохион байгуулав. Уулзалт ярилцлагад БШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга бөгөөд Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган, БШУЯ-нд хэрэгжиж буй Дээд боловсролын шинэчлэлийн төслийн ахлах зөвлөх Р.Бат-Эрдэнэ, МУИС-ийн захирал А.Галтбаяр, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Д.Мөнхжаргал нар оролцов.
-Дээд боловсролын салбарт өрн өж буй шинэчлэлийн асуудлыг “Өнөөдөр” сонин дэмжиж байгаа. Их, дээд сургуулийн бүтцийн өөрчлөлтийг МУИС эхлүүллээ. Гэхдээ дээд боловсролын шинэчлэл бол зөвхөн МУИС-ийн асуудал биш, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгж үүлж буй бодлого гэж ойлгож байгаа. Яам дээд боловсролын шинэчлэлийг ямар байдлаар хийнэ гэж үзэж, ажлаа юунаас эхэлж байгаа вэ?
П.Э: -2012 оны намар дээд боловсролын шинэчлэлийн төслийн зөвлөх баг БШУ-ы сайдын дэргэд байгуулагдсан. Энэ багийг манай салбарын тэргүүлэх эрдэмтдийн нэг Р.Бат-Эрдэнэ ахалж байгаа. Боловсролын салбарт олон жил ажилласан, яаманд удирдах ажил хийж байсан, энэ чиглэлээр АНУ-д доктор хамгаалсан хүн. Бид өнгөрсөн хугацаанд салбарынхаа эрдэмтэн судлаачид, их, дээд сургуулийн удирдлагуудтай хамтран олон удаа уулзалт хэлэлц үүлэг хийж, дээд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг тодорхойлж гаргалаа. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа эхлээд явж байна. Шинэчлэлийн бодлогыг нэгдүгээрт, суралцагчдын чанарыг сайжруулах, хоёрдугаарт, дээд боловсролын сургалтын байгууллагын бие даасан байдлыг бэхжүүлэх хоёр үндсэн чиглэлээр явуулна гэж томъёолж байгаа.
Р.Б: -Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараа боловсролын шинэчлэлийн асуудлаар яамны дэргэд яамны аппаратаас гадна энэ чиглэлээр судалгаа хийдэг, туршлагатай хүмүүсээс бүрдсэн Бодлогын зөвлөл байгуулсан л даа. Түүний нэг нь Дээд боловсролын бодлогын зөвлөл юм. Энэ зөвлөлд сургууль удирдаж байсан, энэ чиглэлээр мэргэшсэн, туршлагатай хүмүүс багтсан. Бид олон удаа зөвлөлдөх уулзалт хийж, шинэчлэлийн бодлогын ерөнхий чиглэлийг тодотгосон. Ажлаа БШУ-ы сайд Л.Гантөмөр, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт танилцуулж, Засгийн газраас сайшаасан. Албан ёсоор хараахан баталгаажуулаагүй байна. Гэхдээ ерөнхий чиглэл нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцэж байгаа учраас ажлаа үргэлжлүүл гэсэн. Ойрын үед яамнаас Дээд боловсролын болоод Боловсролын бусад хууль тогтоомжид оруулах өөрчлөлтүүдийг Засгийн газарт өргөн барих ёстой. Дээд боловсролд чанарын шинэчлэл хийхийг бид зорьж байна. Чанарын шинэчлэл гэдэг бол сурч байгаа оюутнууд сайн боловсрол эзэмших нөхцөлийг сайжруулах, сургуулиуд оюутнуудад хүртээж буй сургалт, судалгааны ажлынхаа чанарыг ахиулах, эдгээр асуудлыг бүрэн дүүрэн хариуцаж явуулахын тулд бие даасан байдлаар хангагдах тухай асуудал юм. Гэхдээ сургуулиудад хэмжээ хязгааргүй эрх мэдэл өгч, дураар нь тавина гэсэн үг биш.
Сургуулиуд бие дааж шийдэл гаргадаг, шийдлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээдэг болохыг л хэлж байгаа юм. Энэ гурван цогц асуудлын хүрээнд маш олон зүйл хийгдэх ёстой. Шинэчлэл бүр орцоосоо эхлэх учиртай. Өөрөөр хэлбэл дээд боловсрол эзэмших шийдвэр гаргаж байгаа элсэгчид суралцахад хэр бэлэн болсон байх асуудал буюу ЕБС-ийн ахлах ангийг төгсөж байгаа хүүхдүүд мэргэжлээ зөв сонгоход зориулсан мэдээллийн нийлүүлэлтийг сайжруулах асуудал юуны өмнө хамаарна. Цаашилбал сургуульд орж ирсний дараа мэдлэг олгох сургалтын хөтөлбөрүүдийг цэгцлэх гэх мэтээр маш олон асуудлыг хамарч байгаа. МУИС-д бүтцийн том өөрчлөлт хийж эхэлсэн нь хүмүүсийн анхаарлыг татаж байна. Үүнээс нэлээн түрүүнд МУБИС-д багш бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж, суралцах хүүхдүүдийг сонгон шалгаруулах, тэдэнд үзүүлэх дэмжлэгийн талаар томоохон ажил хийгдсэн. Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэхдээ хөтөлбөрийг сайжруулах, хэрэгжүүлэх зорилгод ажил олгогчид, мэргэжлийн холбоодын оролцоо, хамтарсан түншлэлийг бий болгохоор тусгасан. Энэ ажилд улсын төсвөөс тодорхой хэмжээний дэмжлэг авч байгаа. Үүнтэй зэрэгцээд Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээний дагуу “Дээд боловсролын шинэчлэл” төсөл нэлээн эрчимжиж байна. 20 сая ам долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Үүнийг үр нөлөөтэй хөрөнгө оруулалт болгож ашиглах ёстой. Бидэнтэй дотоод, гадаадын зөвлөхүүд ажиллаж, дээд боловсролын эрх зүйн шинэчлэл, засаглал, чанарын баталгаажуулалт буюу магадлан итгэмжлэл, хүний нөөц зэрэг чиглэлээр Засгийн газар, БШУЯ-наас төлөвлөж байгаа шинэчлэлийн бодлогыг практик алхмууд болгож төлөвлөх чиглэлээр ажиллаж байна.
Ерөнхийдөө системийн хувьд бие даасан, гэхдээ үйл ажиллагааныхаа үр дүнг хариуцах чадвартай институцийн тогтолцоо руу оруулах өөрчлөлт хийгдэнэ. Эцсийн дүндээ суралцаж байгаа хүмүүсийн эзэмшиж буй боловсролыг чанартай болгох, төгсөж гарсны дараа хөдөлмөрийн зах зээлд амжилттай өрсөлдөх чадварыг бүрэн хангахад чиглэж байгаа юм. Их сургуулиудын түвшинд судалгаа хийх чадавхийг нь ихээхэн сайжруулах чиглэл барьж байна. Манай их, дээд сургуулиуд өнөөдөр үндсэндээ сургалтын байгууллага болсон. Үүнийг өөрчилж, их сургуулийнх нь түвшинд хүргэх, судалгааны баазыг дорвитой шинэчлэх шаардлага зайлшгүй.
П.Э: -Дээд боловсролын салбарт тулгамдаад буй асуудлыг олон янзаар ярьдаг л даа. Гол шалтгаануудын нэг нь дээд боловсролын салбарын санхүүжилтийн тогтолцоо буруу явагдаад байгаад оршиж байгаа юм. Нэг үе хувийн сургалтын байгууллагууд олноор байгуулагдсан. Тэд 100 хувь төлбөр дээр тулгуурлаж бий болсон. Манай төрийн өмчийн сургуулиуд ч тэднээс ялгарахааргүй байдалд хүрснийг бид мэднэ. Төрөөс багахан хэмжээний санхүүжилт буюу урсгал зардлын мөнгө л өгдөг. Шаардлагатай санхүүжилтээ нөхөхийн тулд аль болох олон оюутан элсүүлж, төлбөр цуглуулах зүг рүү төрийн өмчийн сургуулиуд хошуурсан. Оюутнуудаас цуглуулсан мөнгөө зарцуулж байгаа байдлыг нь харахаар ихэнх нь цалинд буцаад явчихдаг. Тэгэхээр ерөөсөө л сургалтад тулгуурласан үйл ажиллагаа болоод хувирчихсан. Санхүүжилтийн энэ бүтэц, тогтолцоог өөрчлөх нь шинэчлэлийн нэлээн том чиглэл юм. Сургуулиуд санхүүжилтийнхээ 90 орчим хувийг сургалтын төлбөрөөс бүрдүүлж байна. Энэ тогтолцоог өөрчлөхийн тулд юун түрүүн судалгаа, шинжилгээ хийдэг, түүгээрээ мөнгө олдог нөхцөлийг бүрдүүлэх нь чухал.
-МУИС-д бүтцийн өөрчлөлт хийж, 20 шахам сургуулийг нэгтгэн, таван сургууль болгохоор шийдвэрлэлээ. Эсэргүүцэгч, дэмжигчдийн аль аль нь байх шиг байна. Багш, оюутнуудтайгаа хэр ойлголцож байгаа вэ. Бүтцийн өөрчлөлтийн зам шулуудсан гэж ойлгож болох уу?
А.Г: -Их сургууль хувийн сургуулиудтай адилхан санхүүжилттэй, ижил хөгжлийн шатаар нэг хэсэг явсан л даа. Их сургууль бол багш нар юм уу, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн төлөөх байгууллага биш юм. Их сургуулийн тухай ойлголт бидний бэлтгэн гаргаж байгаа төгсөгч, шинээр бүтээж байгаа мэдлэг гэдэг зүйлээр л хэмжигдэх ёстой. Урт хугацаандаа МУИС гэдэг байгууллага зөв хөгжихийн тулд юуны өмнө бодол санаандаа өөрчлөлт хийх ёстой гэж үзэж, өнгөрсөн жилээс хөтөлбөрийн шинэчлэлээ эхлүүлсэн. Энэ бол хүнтэй холбоотой зүйл биш. Сая бүтцийн өөрчлөлт хийхэд ажиллагсдын эрх ашиг ямар нэг хэмжээгээр хөндөгдсөн учраас нэлээд эмзэг хүлээж авсан тал бий. Бидний барьсан зарчим юу вэ гэхээр сургууль доторх давхардлаа эхлээд арилгая гэсэн юм. Хөтөлбөрүүдийн хувьд явцуу хүрээнд, бүрэлдэхүүн сургууль дотроо, нарийн мэргэжил рүү чиглэх гэхээсээ илүүгээр энэ хөтөлбөрөөр суралцсан манай төгсөгчид илүү хөрвөх чадвартай, бусдаас давуу суурь мэдлэгтэй байх ёстой гэдэгт чиглэж байгаа. Мэдээж хэрэг нарийн мэргэжил эзэмшихийн тулд мэргэшлийн хичээлүүдээ үзэж таарна, үүний тулд сонголтыг нь аль болох өргөн болгоно. Энэ бол бүтцийн өөрчлөлтийн зөвхөн нэг хэсэг нь.
Саяын бидний хийсэн бүтцийн өөрчлөлтөөр таван сургуультай болж байгаа боловч Шинжлэх ухааны сургууль нь дотроо Хүмүүнлэгийн ухааны, Нийгмийн ухааны, Байгалийн ухааны гэсэн гурван салбартай байхаар тогтлоо. Энэ гурав бие даасан, нэлээн том сургуулийн дайтай байх болов уу. Тийм болохоор нарийн харвал долоон сургууль харагдана. Удирдах зөвлөл, ажлын хэсгүүд сарын турш ажиллаж, бүтцийнхээ эцсийн хувилбарыг ингэж баталсан. Одоо дараагийн шатанд хөтөлбөрүүдийнхээ асуудлыг ярьж байна. Үүнийгээ тогтсоны дараа багш нар маань аль аль сургууль дээр очих вэ гэдэг асуудал яригдана. Багш нар хөтөлбөрүүдээ л дагаж таарна. Хууль, Бизнес, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын гээд мэргэжлийн сургуулиуд байх юм. Шинжлэх ухааны сургууль гурван салбартай байх тухай дээр дурдсан. Дээр нь бид Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн салбарыг шинээр гаргаж ирсэн. Сүүлийн үед олон нарийн хөтөлбөр боловсрогдож, хэрэглээний чиглэл рүү хандан, нийгэмд хэрэгцээтэй мэргэжил олноор бий болсон. Үүнийгээ цааш нь хөгжүүлэх үүднээс тусад нь ийм сургууль байгуулж байгаа юм. Энэ сургуульд байгаль орчин, нарийн мэргэжлийн инженерчлэлийн мэргэжлүүд, IT, компьютерийн мэргэжлүүд орж байгаа. Багш нарын хувьд өмнө нь ажиллаж байсан хуучин дүр төрх өөрчлөгдөж байгаа учраас сэтгэл хангалуун биш байгаа байж болох ч бид үндсэндээ ойлголцсон, одоо бол хөтөлбөрийнхөө түвшинд асуудлаа ярилцаж байна. Өөрсдийнх нь байгуулсан, ачааг нь нуруун дээрээ үүрч өнөөг хүргэсэн сургуулийг нь цаашид зөв залж авч явах нь бидний үүрэг. Бүтцийн өөрчлөлтөөр байсныг нь алга болгочих ч юм уу, явж байсан хөгжлийг нь зогсоочих асуудал гаргахгүй, зөв замд шилжиж, хөгжлөө тэтгэх боломжуудыг хангах нь л бидний зорилго.
-Бүтцийн өөрчлөлтийг 2014-2015 оны хичээлийн жилээс эхлүүлнэ гэж байсан. Гэтэл шууд хэрэгжүүлээд эхэлчихэв үү дээ? Сургуулиа байгуулаад, захирлын үүрэг гүйцэтгэгч нараа томилчихсон болохоор ингэж ойлгож байна л даа?
-Яг энэ шинэ бүтцээрээ ажиллах нь ирэх намар, есдүгээр сарын 1-нээс гэдэг нь хэвээрээ. Сургалтын процесс тасралтгүй явагдах ёстой учраас бид есдүгээр сарын 1-нээс эхлэхийн тулд дор хаяж хөтөлбөрүүдээ бэлэн болгосон байх ёстой. Энэ хөтөлбөрүүдийг авч явах багш нар хаана байх вэ гэдэг нь тодорхой болох учиртай. Тэгэхээр шилжилтийн үеийн бүтэц бий болсон гэж ойлгох нь зөв байх.
-Бүтэц өөрчлөгдсөнөөр ажилгүй болох хүн, ажлын байрнаасаа чөлөөлөгдөх багш нар олон гарах уу?
-Одоо I-III курст сурч байгаа хүүхдүүдийн хөтөлбөрийн хувьд өөрчлөлт бараг хийгдэхгүй. Одоо байгаагаараа явна. Одоогийн хичээл орж байгаа багш нар ч тэр хичээлүүдээ заагаад л явна гэсэн үг. Шинэ хичээлүүдийг бид багш нартаа хуваарилна. Манай багш нарт ачаалал хангалттай. Тэр ч бүү хэл, багш нар дутагдалтай байгаа. Зарим мэргэжлийн хувьд шилжилт хөдөлгөөн хийх, дотооддоо зохицуулах юм гарах байх. Сургалтын алба гэх мэт газруудад шинээр ажилтан авахыг зогсоож, хуучин ажилтнуудаа шинэ бүтэцдээ шингээх бодлого явуулж байгаа. Цомхтголын талаар энэ жилдээ төлөвлөсөн юм байхгүй.
-Хичээлийн байр, танхим сулрах уу?
-Удирдах албан тушаал эрхэлж байгаа хүмүүсийн тоо цөөрч байгаа учраас тэдний байр суларна. Голдуу захиргааны зориулалттай байр гэсэн үг л дээ. Тэдгээрийг хичээлийн танхим юм уу, багш нарын өрөө болгож таарна. Наад зах нь долоон захирлын өрөө чөлөөлөгдөнө. Сургалтын албаны дарга нарын зарим нь тусдаа өрөөтэй. Дор хаяж 10 гаруй өрөө суларна гэсэн үг. Сургалтын албыг бүтцийн өөрчлөлтөөр нэлээн томсгож байгаа. Тэгснээр тодорхой хэмжээний орон зай бас гарах байх. Ер нь бол энэ ажил нэлээн удаан хугацаанд, аажимдаа хийгдэх учраас тэдэн өрөө суларна гээд шууд хэлчихэд хэцүү.
-Бусад сургуулиудын хувьд шинэчлэл аль шатандаа явна вэ. Жишээлбэл, ШУТИС-д?
Б.О: -ШУТИС сүүлийн жилүүдэд дээд боловсролын салбарт хийгдсэн өөрчлөлтийг үргэлж тэргүүлж, манлайлж ирсэн сургууль. Энэ утгаараа бид хийгдэж байгаа өөрчлөлт шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхахыг зорьж байна. Өөрчлөлтийн асуудал манай сургууль дээр 2-3 жилийн өмнөөс яригдаж байсан. Харин шинэ Засгийн газар, Боловсролын яам энэ бодлогыг хөхиүлэн дэмжиж байгаагийн үр дүнд асуудал нэлээн шуурхай явж байна гэж бид ойлгож байгаа. Манай Удирдах зөвлөлөөс томилсон ажлын хэсэг сургуулийнхаа өнөөгийн байдлыг судалж, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалтын хамгийн оновчтой хувилбарыг боловсруулах үүрэг хүлээгээд хоёр сар гаруй ажиллаж байна. Бид өөрчлөлт шинэчлэлтийн хүрээнд нэгдүгээрт, дээд боловсролын дэлхий нийтийн чиг хандлагыг тухайлан авч үзэж байгаа. Дээд боловсролд хандах дэлхийн хандлага нэлээн өөрчлөгдөж байгааг анхаарахгүй байх аргагүй. Манай сургуульд бакалаврын 134 мэргэжлээр 27.000 орчим оюутан, 130 гаруй мэргэжлээр 3000 орчим магистр, доктор, нийтдээ 30.000 орчим хүн суралцаж байна. Бидний төгсгөн гаргаж байгаа мэргэжилтнүүдийн чанарыг ажил олгогчид, үйлдвэрлэл, бизнесийн салбарынхан ний нуугүй хэлэхэд чамладаг болж.
Манай их сургуулийн сургалт, практикт хэрэглэж байгаа лабораторийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарт хэрэглэж байгаа техник хэрэгслүүдээс хоцрогдож эхэллээ. Төгсөгчдийг үйлдвэр, компаниуд дахин сургаж, давтан бэлтгэж, нэмэлт зардал гаргадаг болсон. Энэ чиглэлээр өөрчлөлт хийх ёстой. Мөн сургалтын шинэлэг арга барилыг хэрэгжүүлэх, судалгааны чадавхийг нэмэгдүүлэх өөрчлөлтүүд зайлшгүй. Өөрчлөлтийг сургалтаас эхлэхээс өөр аргагүй. Сургалтын хөтөлбөрүүдээ бид эргэж авч үзэж байна. 134 мэргэжил гэдэг бол нэлээн өндөр тоо. Боловсролын яамнаас зөвлөсний дагуу ЮНЕСКО-гоос гаргасан дээд боловсрол, мэргэжлийн ангилал, индексийг судалж, мэргэжлүүдээ ямар ангилалд нь багтаах вэ гэдгийг тооцоход 134 мэргэжил маань 74 орчим мэргэжилд хамаарч, ЮНЕСКО-гийн найман бүлэг ангилалд орж болох юм байна гэсэн дүгнэлт гарсан. Эндээс мэргэжилтэн бэлтгэх тогтолцоог хэрхэн өөрчлөх, бүрэлдэхүүн сургуулиудын зохион байгуулалт, мэргэжлийн ангиллууд ямар байх вэ гэдгийг олж харсан. Мэргэжлийн давхардлууд олон, үргүй зардал их байгаа нь харагдлаа.
Ижил төстэй мэргэжлийг гурван бүрэлдэхүүн сургуульд бэлтгэж байх жишээтэй. Нөгөө талаар сургалт, судалгааны лабораториуд тарамджээ. Ижил чиглэлийн лабораториудыг хэд хэдэн бүрэлдэхүүн сургуульд зэрэг байгуулчихаж. Нөгөө талаар мэргэжлүүдээ дагаад профессор, багш нар маань маш олон тэнхимүүдэд хуваагджээ. Ингэснээр профессор, багш нарын хүний нөөцийн чадавхи, хүчин чадлыг бас тарамдуулж гэдэг дээр бид санал нэгдсэн. Санхүүгийн нөөц ч ихээхэн жулдаж байгаа юм байна. Их сургуулийнхаа түвшинд хөгжлийн тодорхой бодлого, зорилтуудыг шийдвэрлэхэд санхүүгийн нөөц хүрэлцэхгүй болсон нь үүний баталгаа.
-Танайх хэдэн бүрэлдэхүүн сургуультай билээ, хэд болгож цөөлөх вэ?
-Улаанбаатарт 14 сургуультай. Дархан-Уул, Орхон, Өвөрхангайд салбар бий. Өвөрхангай дахь сургууль Засгийн газрын тогтоолоор татан буугдсан. Тэнд суралцаж байгаа оюутнуудын хүсэлтээр тэднийг төгстөл хэсэг хугацаанд үйл ажиллагаа явуулахаар болсон. Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Дархан,-Уул, Орхон аймагт байгаа сургуулийг нэг их хөндөөгүй. Улаанбаатарт байгаа 14 сургуулийг мэргэжлийн хөтөлбөрүүд дээр нь үндэслээд шинээр зохион байгуулахад найман бүрэлдэхүүн сургууль болгох боломжтой гэдэг дүгнэлтэд хүрээд байгаа. Одоо хамт олноороо хэлэлцүүлж байна. Ойрын үед Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж, эхний үндсэн хувилбар тодрох байх. Үүний дараа Удирдах зөвлөлд албан ёсоор танилцуулж, хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
-МУБИС дээр ямар ажил өрнөж байна вэ?
Д.М: -Саяхан манай багш нар 17-18 насны хүүхдийн төлөвшлийн байдлын талаар судалгаа хийхэд энэ насны хүүхдүүдэд бүтээлч сэтгэлгээтэй бүлгээс хамааралтай, бусдыг аялдан дагалддаг зэрэг сэтгэхүйн онцлог илрэх хандлагатай байна гэсэн судалгаа гарсан. Судалгааг цааш лавшруулбал нэлээн ноцтой хүчин зүйл харагдаж магадгүй. Бүтээлч бус байдал нь яваандаа юмыг аргацаадаг, хуурдаг, аливааг чанартай хийж гүйцэтгэдэггүй байдал руу хөтөлнө. Ийм иргэдтэй болчихвол нийгэм маань яаж хөгжих вэ. Тийм учраас багш бэлтгэх тогтолцоо маань өөрөө чанаргүйдлийн тойргийн бараг эх нь юм биш үү гэдэг дүгнэлт гарч байгаа юм л даа. МУБИС-ийн шинэчлэлийн асуудлыг МУБИС гэдэг тэр байшин дотор болж байгаа үйл явц биш, улс орны хэмжээнд томоохон нөлөө үзүүлж буй хүчин зүйлийг өөрчлөх гэдэг өнцгөөс нь харж байгаа, бид. МУИС, ШУТИС-тай адилхан дээд боловсролын тогтолцоон дахь гацсан, гажсан үзэгдлүүд манай сургуульд ч яг адилхан оршиж байгаа. Тийм учраас 20 хүний бүрэлдэхүүнтэй боловсролын шинэчлэлийн ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна.
Дэлхий нийтэд багш бэлтгэх үндэсний их сургуулиуд ямар бүтэц, зохион байгуулалттай байдаг, ямар чиг хандлагаар багш бэлтгэж байна вэ гэдгийг нэлээн сайн судаллаа. Багш бэлтгэх үндэсний их сургуулиуд нэлээд цомхон бүтэцтэй, хөтөлбөрийн интеграцчилал их хийсэн юм байна гэдэг нь анзаарагдсан. МУБИС Архангайн салбартайгаа нийлээд 13 салбар сургуультай. 13.500 оюутан суралцаж байна. МУИС дээр байгаа шиг сургуулиуд нь хэт жижгэрсэн, тэнхимүүд нь давжаарсан, өөр өөрсдийнхөө чиглэлээр жижиг жижиг судалгааны ажлыг арга ядсан байдлаар гүйцэтгэдэг байдал адилхан. Нэгдсэн бодлогоор судалгааны том профессорын баг ажилладаг байдал алдагдсан. Бид шинэ бүтцээ удахгүй танилцуулна.
-МУИС долоо, ШУТИС найман сургуультай болж байгаа юм байна. Танайх хэд болгож цөөлөх вэ?
-Яг одоохондоо тоо хэлэх эрт байна. Гэхдээ манай сургуульд одоогийн байгаа бүтэц, зохион байгуулалтынхаа дотор нэлээд олон ажил хийгээд эхэлчихсэн. Элсэгчдийнхээ чанарыг сайжруулах алхмыг тодорхой хэмжээгээр хийсэн. Засгийн газрын 81 дүгээр тогтоол гарч, ЭЕШ-д өндөр оноо авсан хүүхдүүд багш бэлтгэдэг сургуулиудад элссэн тохиолдолд сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг болсон. 650-иас дээш оноотой 1000-аад оюутан энэ жил элссэн байна. Нөгөө талаар багшлах дадлагыг чанаржуулж байгаа. Хөдөө орон нутагт дадлага хийхийг бүрмөсөн зогсоосныг та бүхэн мэдэх байх. Орон нутагт дадлага хийвэл багшлах дадлагын тэтгэлэг олгох тогтоол гарснаар жилд 1000 оюутныг хөдөө орон нутагт явуулж байгаа. Өнгөрсөн намар 500 оюутан хөдөө дадлага хийсэн. Мөн англи хэлний сургалтандаа олон улсын цахимжсан “Dyned” хөтөлбөр нэвтрүүллээ. Багшийн сургуульд элссэн нэгдүгээр курсийн 400 орчим оюутан энэ хөтөлбөрт хамрагдаад байна. Багш бэлтгэх тогтолцоонд гажсан нэг асуудлыг өөрчилж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн багшийн ангийг шинээр нээлээ. Хэдийгээр ийм өөрчлөлтүүд хийж байгаа ч үүнийгээ баталгаажуулах, улам үр дүнтэй болгох чиглэлд дахиад өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгтэй болж байна.
-Төрийн өмчийн их сургуулиудын санхүүжилтийн асуудлыг хөндье. “Төрийн өмчийн” гэдэг нэртэй боловч урсгал зардлын мөнгөнөөс өөрөөр дэмждэггүйг бүгд мэднэ. Энэ урсгал зардал гэдэг нь хэдий хэрийн мөнгө байдаг юм бэ?
Б.О: -Хичээлийн байруудын цахилгаан, дулаан, усны төлбөрийг улсаас төлдөг. Ер нь бол сургууль бүрт харилцан адилгүй.
Р.Б: -Нийт санхүүжилтийн 6-10 хувь л байгаа. Боловсролын хуульд сургуулийг үүсгэн байгуулсан хүн, эсвэл байгууллага сургуулийн үйл ажиллагаа явуулах зардлыг бүрэн хариуцна гэсэн заалт бий. Төрийн өмчийн сургуулиудын хувьд төр үүсгэн байгуулагч. Үүнтэй төстэйгээр хувиараа сургууль байгуулсан хүн ч ийм үүрэг хүлээж байхаар хуульд заасан нь жаахан зовлонтой, засмаар заалт. Олон тохиолдолд сургуулийг ашгийн бус хэлбэрээр хувь хүмүүс үүсгэн байгуулдаг, нийгэмдээ тус болох гэж. Гэтэл сургууль байгуулсны дараа тэр сургууль өөрөө өөрийгөө аваад явах биш, үүсгэн байгуулсан хүн нь насан туршдаа санхүү, хөрөнгийн хариуцлага хүлээж таарч байгаа юм. Бид Боловсролын хуулийн өөрчлөлт дээр ажиллаж байгаа. Энэ агуулгыг өөрчлөх асуудал яригдах байх. Хуулиар үүсгэн байгуулагч сургуулийг удирдахад онцгой давуу эрхтэй оролцож байгаа шүү дээ. Удирдах зөвлөлийн 51-60 хувьд өөрийнхөө төлөөллийг суулгаж байгаа. Захирлыг томилоход оролцож байна. Энэ нь зарим талаар сургууль нь үүсгэн байгуулсан хүмүүсээсээ байнга хараат байх, бие даасан байдал алдагдах байдал руу түлхэж байна. Сургуулийн үндсэн үйл ажиллагааг авч явж байгаа профессор, багш нар бол хамгийн өндөр мэргэжлийн хүмүүс. Энэ хүмүүс мэргэжлийн эрх чөлөөгөө эдэлж, сургуулиа үр ашигтай, хамгийн сайн үйлчилгээ үзүүлдэг байхуйц шийдвэр гаргахад нөлөөлөх тэр зүг рүү л шилжмээр байна. Нөгөө талдаа санхүүжилтийн асуудал сургалтын төлбөртэй шууд холбоотой.
Олон нийлүүлэгч бий болсон. Гаднын сургуулиуд ч олноор байгуулагдсан. Тэдний нэлээд хэсэг нь гаднаас санхүүгийн дэмжлэгтэй. Тиймээс манай сургуулиудтай харьцуулахад төлбөрийн хувьд бага байна. Тэр ч байтугай оюутанд үзүүлж байгаа дэмжлэг нь ч өндөр. Гэтэл дээд боловсролын үр шимийг хэн хүртдэг юм, зөвхөн сурч байгаа хүний хувийн хэрэг юм уу. Дэлгүүрээс талх худалдаж авах, дээд боловсрол эзэмших хоёр үр шимийг нь хүртэж байгаа эзний хувьд адил уу гэсэн асуудал гардаг. Өндөр боловсролтой иргэнтэй байх нь тэр нийгмийн өөрийн эрх ашиг юм. Тэгвэл нийгэмд үр шимээ өгч байгаа юм бол нийгмээрээ тэр зардлыг хуваалцах ёстой гэсэн ерөнхий концепц байдаг. Хамгийн өрсөлдөөнт зах зээлтэй нийгэмд ч гэсэн дээд боловсролыг санхүүжүүлж байгаа хувь хэмжээн дотор төрөөс, татвар төлөгчдөөс санхүүжүүлж байгаа хувь талаас илүү байдаг.
Бид дээд боловсролын байгууллагуудыг бие даасан болгох, сургалт судалгааны ажлыг чанаржуулах тухай сая ярилаа. Судалгаа бол орлого олох эх сурвалж гэж хармааргүй байгаа юм. Их сургууль байя гэвэл хөтөлбөр нь байнга ахиж дэвшиж байх ёстой. Үүний тулд түүнийг эрхэлж байгаа хүмүүс тэр мэдлэгийн хамгийн эхний фронт дээр ажиллах ёстой байхгүй юу. Тэгж байж тухайн сургуулийн хөтөлбөр өөрөө өрсөлдөх чадвартай болно. Тэгэхээр мөнгө олох нь дараагийн асуудал. Гол нь энэ ажлыг эрхэлж байгаа багш нар судлаач байх ёстой. Тэр судлаач нарын мэдлэгийг тэлж байгаа үйл ажиллагааны үр дүн эргээд сургалтынхаа процесст маш хурдан шингэж, суралцаж байгаа хүмүүст хүрч байх ёстой. Ийм л хэв шинжтэй сургууль болгохыг их сургуулиудын өөрчлөлт зорьж байна даа.
-Сургалтын төлбөрт суурилсан санхүүжилт их, дээд сургуулиудад давамгайлж байгаа. Шинэчлэлийн нэг гол зорилго нь үүнээс татгалзахад чиглэж байна гэж ойлгож болох уу?
Р.Б: -Хүн суралцуулахад гарч байгаа зардлыг бид үр ашиг талаас нь үзвэл манай дээд боловсролын систем хамгийн үр ашигтайд тооцогдоно. Төлж байгаа мөнгөтэй харьцуулахад хүний авч байгаа боловсрол нь хамаагүй өндөр. Гэхдээ бага мөнгө төлж байгаа учраас түүндээ л тохирсон чанар байгаа гэж харж бас болно. Дэлхийд тэргүүлэгч Харвард гэх мэт их сургуулийн зарласан төлбөрийн хэмжээ жилд дунджаар 40 мянган доллар байдаг. Тэдний тайланг харвал нэг оюутанд жилд дунджаар үзүүлж байгаа санхүүгийн дэмжлэг жишээ нь, Харвардын их сургуульд 32 мянган доллар байдаг. 40 мянган долларын төлбөртэй, сургуулиас авч байгаа санхүүгийн дэмжлэг нь 32 мянган доллар. Үнэн хэрэгтээ оюутан 8000 доллар л төлж байна гэсэн үг. Зардал талд нь үзэхээр нэг оюутныг нэг жил сургахад дунджаар 50-60 мянган доллар зарцуулж байгаа юм. Тэгэхээр энэ сургуулиуд бусад эх үүсвэрээс санхүүжилтээ авдаг байх нь. Түүн дотор төр санхүүжүүлдэг сургуулиуд ч байна.
Америкийн их сургуулиудад ойролцоогоор 20-30 хувьд нь судалгаа, бусад хэлбэрээр, мөн төрөөс үзүүлж байгаа санхүүжилт байгаа шүү дээ. Дээр нь оюутнуудын авдаг зээл тусламж байгаа. Тэгэхээр энэ хөрс суурийг бий болгож, дээд боловсролыг дэмжиж хандив өгөхийг хуульчлах хэрэгтэй байгаа юм. Манай хуульд дээд боловсролын байгууллага ашгийн төлөө байж болно, ашгийн бус байж болно гэж хуульчилсан. Тэгсэн хэрнээ аль хэлбэрээр нь явбал ямар хөнгөлөлт давамгайлах юм, ялгаа нь юу вэ гэдэг дээр зохицуулалт байхгүй. Ашгийн бус хэлбэрээр явж байгаа сургуулиуд нийгмийн баялгийг бүтээж байгаа. Энэ сургуульд орж байгаа бүх хөрөнгө нийгмийн баялгийг бүтээхэд бүрэн зарцуулагдаж байна гэсэн үг. Түүнийх нь төлөө тэр сургууль руу орж байгаа хөрөнгө, хандивлаж байгаа мөнгийг татвараас чөлөөлдөг, хөнгөлдөг систем рүү оруулаад, харин хэрхэн зарцуулагдаж байна вэ гэдэгт хяналтын механизм тогтоох ёстой. Манайд тэр бүтэц байхгүй байна. Хандиваар дамжуулж татвараас зугтаах оролдлого бий болно гэсэн өнцгөөр манай санхүүгийнхэн харж байгаагаа өөрчлөх цаг болсон.
Б.О: -Манай Дээд боловсролын тухай хуульд сургалтын төлбөрөөс бусад хэлбэрээр орлого олох эрх зүйн зохицуулалт угаасаа их бүрхэг. Их сургууль дэргэдээ компани байгуулж болохгүй. Үйлдвэрлэл явуулж болохгүй гэдэг. Хувийн компанитай ч гэсэн бизнесийн гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулах зохицуулалт маш хүнд. Инновацийн тухай хууль гарчихлаа. Тэр хуульд их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага дэргэдээ гарааны компани байгуулж болно гээд заачихсан. Гэтэл яаж байгуулах, ямар компани байх юм бэ гэдэг нь тодорхойгүй. Татварын албанд очоод, компани байгуулаад бүртгүүлчихье гэхээр ашгийн байгууллага болоод явчихна. Тэгэхээр дээд боловсролын байгууллагын хууль эрх зүйн зохицуулалтыг өөрчлөхөөс өөр арга байхгүй.
Р.Б: -Томоохон хэмжээний гэрээ хэлцэл хийе, хөрөнгө оруулъя гэхээр гэрээ байгуулж байгаа тал буцаагаад хариуцлагын асуудал нэхнэ. Хэрвээ бүтэхгүй бол яах вэ, хохирол учирвал юугаараа төлөх вэ гэнэ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар зээл биш, өөр юм барьцаалахаас өөр арга байхгүй. Гэтэл төрийн өмчийг барьцаалж болохгүй. Эдгээрийг чөлөөлөх, зөв зохицуулалттай болгохын тулд хуулийн төсөл дээр ажиллаж байна. Энэ өөрчлөлт Иргэний хууль, бусад олон хуулийг хөндөж байгаа. Монгол Улсад их сургууль юм уу, сургууль гэдэг хуулийн этгээд байхгүй, хуулиараа. Иргэний хуулиар МУИС-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар гэж бүртгэдэг.
-Дээд боловсролын салбарт хийгдэх шинэчлэлийн нөлөөгөөр их, дээд сургуульд элсэгчдийн тоо цөөрч, мэргэжлийн давхардал арилна гэж ойлгож болох уу?
Р.Б: -Элсэгчдийн тоо цөөрнө. Гэхдээ хэд хэдэн хүчин зүйлээс хамаарна. Нэгдүгээрт, БШУЯ-наас элсэгчдэд тавих шаардлагыг тодорхой болгоно. Элсэгчдийн ерөнхий шалгалтыг улс даяар авдаг. Тухайн оюутан шалгалтад хэдэн оноо авснаас үл хамаарч, аль нэг сургуульд элсчихдэг тогтолцоо одоо байгаа. Иймээс хэмжээст оноо буюу босго оноог 450 байхаар ярилцаж байна. Хэмжээст оноог гүйцэтгэлийн онооноос ялгах хэрэгтэй.
-Тэгэхээр сургалтын төлбөрөөр санхүүждэг асуудал дахиад хөндөгдөх нь ээ дээ.
Р.Б: -Сургалтын төлбөрөөр санхүүждэг механизмыг өөрчлөх хэрэгтэй. Сургууль бусад хэлбэрээр санхүүждэг болох нь зөв. Дээд боловсролтой хүн бол Монголын нийгмийн баялаг. Энэ хүн Монголд бий болох баялагт хувь нэмэр оруулна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бол дээд боловсролын үйл ажиллагаанд төрөөс санхүүжилтийг тодорхой хэмжээнд олгох ёстой. Сургалтын төлбөр бол тэр хүнийг сургахад гарч байгаа зардлын илэрхийлэл биш. Нэг хүнийг сургахад гарч байгаа зардал нь төлж байгаа төлбөрөөс хамаагүй их байна. Тэр зөрүүг бусад эх үүсвэрээс олох ёстой. Төр тодорхой хэмжээгээр санхүүжилт өгөхөөс гадна дээд боловсролыг дэмжих иргэд, хувийн компанийг бий болгох тухай дээр ярьсан. Мөн сургуульд үйл ажиллагаагаараа орлого олох боломжийг нээж өгөх шаардлагатай. Өнөөдөр сургалтын төлбөр сургуулийн нийт орлогын 80 гаруй хувийг эзэлж байна. Шинэчлэлийн хөтөлбөр 2016 он хүртэл хэрэгжсэнээр сургуулийн орлогын 50-иас бага хувийг сургалтын төлбөр эзэлж байх бодлого баримталж байна.
Д.М: -Бид дээд боловсролын бие даасан байдлыг тоогоор харж, “томорч” ирсэн. Одоо тооны хувьд үүнээс илүү томорч чадахгүй. Бие даасан байдлын гурван хүчин зүйлийг олон жил төр мэдсээр ирлээ. Нэгдүгээрт, их, дээд сургуулийн төлбөрийг төр тогтоодог. Гэтэл нэг оюутанд ногдох бодит зардал, сургалтын төлбөр хоёр шал өөр байна. Хоёрдугаарт, сургалтын төлөвлөгөө, ямар хичээл заахыг БШУЯ баталдаг. Гуравдугаарт, хэдэн оюутан элсүүлэхийг нь тогтоодог. Өөрөөр хэлбэл, санхүүжилт, судлах хичээл, элсэлтийн тоогоор нь чөдөрлөж байна. Чөдөртэй морь хэр хол явах вэ. Жишээ нь, МУБИС байгалийн ухааны багшаар 60 оюутан элсүүлэх санал тавихад яамнаас 30 болгоно. Тэгэхээр нь МУБИС сэтгүүлчийн мэргэжлээр 30 хүүхэд элсүүлж нөхдөг. Энэ суурь шинэчлэлийн хүрээнд гурван чөдрөөсөө салах байх. Гамшгаас хамгаалах менежмент хичээлийг Засгийн газрын тогтоолын дагуу оюутнуудад заавал заадаг. Онцгой байдлын ажилтан долоо хоногт нэг удаа оюутнуудад лекц уншаад л өнгөрч байгаа нь ямар ч үр дүнгүй. Харин үүний оронд онцгой байдлын сургалтын төв дээр нь гурав хоног сургалт хийвэл дээр. Засгийн газрын тогтоолтой хичээл учраас заа гэдэг. Академик эрх чөлөө хаана байна. Энэ жил манай сургууль сургалтын төлбөрөө инфляцын түвшинтэй уялдуулан 10 хувиар нэмж, 1.2 сая төгрөг болгосон. Гэтэл нэг оюутныг суралцуулахад гаргаж байгаа бодит зардал 3.0 сая төгрөг. БШУЯ манайхыг хөрөнгө оруулалтаар дэмжиж байгаа учраас болгоод байна. Хэрэв дэмжлэг байхгүй бол алдагдалд орно. Сургуулиуд алдагдалд орохгүйн тулд оюутныхаа тоог нэмдэг ганц аргатай.
-Гурван чөдрийн талаар БШУЯ ямар бодлого баримталж байна вэ. Тодорхой хэмжээгээр төрийн бодлого байхаас аргагүй байдаг байх. Ямар мэргэжил илүүдэлтэй, дутагдалтай байна гэдгээс хамаарч энэ мэргэжлээр төдөн оюутан бэлтгэнэ гэх маягаар тоог тогтоох нь буруу биш болов уу?
П.Э: -Чөдөр энэ гурваар хязгаарлагдахгүй. Төрийн оролцоо үүнээс ч өргөн хүрээтэй байгаа. Сургуулийн бие даасан байдлыг бэхжүүлэх талаар Канадын мэргэжилтнүүдтэй санал солилцоход ингэж ярьдаг яамны мэргэжилтнийг анх удаа харлаа гэж байсан. Яамнаас сургуулийн бие даасан байдлыг хангах бодлого баримталж байгаа нь дэвшил юм. Ямар мэргэжлээр хэдэн оюутан элсүүлэх, эрэлт, хэрэгцээг хэрхэн харгалзах нь зарим салбарт зайлшгүй. Тухайлбал, анагаах ухааны салбарт эмчийн хэрэгцээг тооцохоос өөр аргагүй. Гэхдээ Яам элсэгчдийн тоог хатуу тогтоох, ямар хичээл заахыг батлахыг болино. Харин сургалтын төлбөр бол төвөгтэй. Засгийн газар “Сургалтын төлбөрийг бид хянахгүй, сургууль зардалдаа тохируулаад төлбөрөө авч болно” гэх юм бол хэцүү. Яамнаас сургуульд сургалтын төлбөрийн зөвлөмж өгдөг. Тухайн сургууль Удирдах зөвлөлөөрөө шийддэг. Ийм л журмаар явж ирсэн.
Нэг оюутанд 3.0 сая төгрөг зарцуулагдаж байгаа бол төрөөс шууд бус санхүүжилт, хөрөнгө оруулалт, тэтгэлэг олгох, эрдэм шинжилгээний зардлыг дэмжих маягаар асуудлыг шийдэж болно. Харин хувийн их, дээд сургуулийн төлбөрт яамнаас чиглэл өгөхгүй. ШӨХТГ төлбөрөө үндэслэлтэй тогтоосон эсэхийг л хянана. Төрийн өмчийн их сургуулиудын удирдлагын асуудал байна. Захирлуудыг төрийн байгууллагын даргыг сонгодог тэр зарчмаар Төрийн албаны зөвлөлөөр шалгуулж байж, Сайд томилдог. Энэ нь зарчмын хувьд буруу. Ингэснээр төрөөс хамааралтай албан тушаалтан болж байгаа хэрэг. Академик байгууллагын удирдлага шиг харагдах боловч үнэндээ Сайдтай гэрээ байгуулж ажилладаг төрийн байгууллагын дарга болчихож байгаа юм.
-Л.Гантөмөр сайд их, дээд сургуулиуд судалгаа хийдэг болсноор судалгаагаа бүтээгдэхүүн, бүтээгдэхүүнээ баялаг болгож, түүгээрээ санхүүждэг болно гэж ярьж байсан. Гаднын оронд боловсролын салбарт зарцуулж байгаа нийт хөрөнгөнийхөө 10 хувийг эрдэм шинжилгээний ажилд зарцуулдаг байхад манайд 2.5 хувийг л зарцуулдаг гэсэн. Шинэчлэлийн хүрээнд энэ чиглэлд хэрхэн анхаарах вэ?
Б.О: -Их сургууль бүтээгдэхүүнээрээ дамжуулж мөнгө олох нь ямар ч сургуулийн орлогод бага хувийг эзэлдэг юм билээ. Тоон утгаараа бидэнд их харагддаг. Жишээ нь, Сан-Франциско хотын Калифорнийн их сургууль бүтээгдэхүүнээрээ жилд 200 сая орчим ам.доллар олжээ. Энэ нь анагаах ухааны сургуулийнх нь эрдэмтдийн судалж, гаргасан хавдрын эсрэг эм. 200 сая ам.доллар манайд их юм шиг боловч тухайн сургуулийн төсөвтэй харьцуулахад бага.
Р.Б: -Манайд их сургуульд хийсэн судалгааны ажил тэр хүнийхээ зохиогчийн эрх болдог нь олонх. Их сургуулийн тоног төхөөрөмжийг ашиглаж хийсэн ч тэр. Их сургуулийн професоруудын хийдэг судалгааны ажлын санхүүжилтийн хэмжээ нэлээн өндөр. Дээд боловсролын түвшинд хийж байгаа өөрчлөлтөөр чадавхийг нэмэгдүүлж, судалгааны санхүүжилт авах “бяртай”, итгэл даах судалгааны баазууд бий болгох юм. Өнөөдөр манай их сургуулийн багш нар хичээлээ заагаад л таарч байна. Нэг багшид ногдож байгаа оюутны тоо олон. Гэтэл их сургууль байхын тулд үйл ажиллагааны тал хувь нь судалгааны ажил байх ёстой. МУИС-д хийгдэж байгаа бүтцийн өөрчлөлтөөр багш нар үндсэн хөдөлмөрийнхөө хуваарьт өөрчлөлт оруулах байх гэж харж байна. Их сургуулийн багш нар судлаач болж хувирах ёстой. Тэрчлэн оюутан олон багш нараас сонгож, хичээлээ заалгах боломж нээгдэж байгаа.
-Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлж, төрийн өмчийн таван сургуулийг Багануур дүүрэг рүү нүүлгэхээр болсон. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ. Шинэчлэлийн хөтөлбөртэй хэрхэн уялдаж байгаа вэ?
П.Э: -Энэ ажил үргэлжилж байгаа. Яамны дэргэд Их, дээд сургуулийн хотхоны ашиглалтын өмнөх захиргаа ажилладаг. Энэ байгууллага хотхоны ашиглалтад орох хүртэл менежментийг хариуцна. Ерөнхий төлөвлөгөө нь саяхан гарсан. Эхний ээлжинд 4.0 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Төлөвлөгөөний дагуу бол нийт 11.7 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Газраа сонгож, төлөвлөлт хийсэн, ирэх жилээс ТЭЗҮ, зургийг хийнэ. Тэрний дараа жилээс барилгын ажил эхлэх байх. Хотхоноос гадна шинжлэх ухаан, технологийн парк байгуулна. Санхүүжилт нь үндсэндээ тодорхой болоод байгаа.
-Профессор, багш нарт цол олгодог асуудал хэрхэн шинэчлэгдэх вэ. Одоогийнхоороо байх уу?
А.Г: -МУИС бүтцийн өөрчлөлтийг эхний ээлжинд бакалаврын түвшинд хийж байна. Судалгааны түвшний бүтцийн өөрчлөлтийг сарын дараа Удирдах зөвлөлөөр ярина. Судлаачдыг судалгаа руу нь татах чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөсөн. Хэн нь судалгаагаа хийж, хэн нь бакалаврын сургалтад ажиллах вэ гэдгийг тодорхой болгоно. Професор цол олгодог систем шинэ бүтэцтэй таарахгүй байна. Засгийн газрын тогтоолоор цол, зэргийг мөнгө дагадаг. Доктор цолтой хүн 15 хувь авна, дэд професор болонгуут таван хувь нэмнэ гэх мэт. Насанд туршид нь мөнгө дагаж байна гэсэн үг. Тэгэхээр мөнгөний сонирхол л яваад байгаа юм. Их сургууль дотроо хүнийг үнэлдэг үнэлгээний системийг уян хатан болгож, аль сайн ажиллаж байгаад нь илүү цалин өгөх боломжийг нээж өгөх хэрэгтэй. Бүтцийн өөрчлөлтийн дараа багш нарын ангилал, шатлалын асуудал тавигдана. Цол дагасан мөнгийг ямар байдлаар өгөх вэ гэдгийг судалж байна.
-Докторантурт хэн дуртай нь элсэж, эрдмийн зэрэг цолыг амархан авч байгаа гэдэг ярианд ямар хариулт өгөх вэ?
Р.Б: -Дээд боловсрол бакалавр, магистр, докторын гэсэн гурван шатлалтай. Энэ нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлдэг мэргэжлийн үйл ажиллагаа. Тухайн хөтөлбөрт элсэх шаардлага хангасан хэн ч сурч болно. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа байгууллага хөтөлбөрийг дүүргэсэн хүнд зэрэг олгох, эсэхээ эцэслэж гаргах учиртай. Гэтэл үүнийг дээр үеийн хуучин аргаар шийдсээр байна. Тэр сургуулийн өмнөөс хариуцлага хүлээхгүй хөндлөнгийн хүмүүс сургуулийн гадна талаас диссертаци хамгаалуулж, тэр хүнд докторын зэрэг олгох уу, үгүй юү гэдэг шийдвэр гаргадаг. Энэ нь ихэнхдээ ёслолын шинжтэй. Тэр хүнийг огт хараагүй, бүтээлийг нь үзээгүй хэрнээ долоо хоногийн өмнө диссертацийг нь үзсэн болчихоод “баярын цуглаанд” сууж, гар өргөөд, энэ ажлыг хийж байна. Уг нь тухайн хүн бие дааж судалгааны ажлаа хийж чадав уу, хөтөлбөрийг дүүргэв үү гэдгийг хөтөлбөр хариуцаж байгаа байгууллага шалгаж, үнэлж, баталгаажуулах ёстой байтал энэ шатлал өнөөдөр гажчихаад байна. Бид болохоор цагаан толгойтой олон том эрдэмтэн сууж байгааг хараад “Энэ чанартай болж байна” гэж үнэлдэг. Уг нь диссертацийн зөвлөл тэр хүнийг диссертациа эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд арга зүйн хувьд удирдан, шинжлэх ухааны бүтээл болоход нь туслах бүрэлдэхүүн юм. Тэрнээс ганц удаа цуглаад, ёс болгож гараа өргөөд дараа нь цайнд ордог хүмүүс биш. Бид өмнөх үед байсан ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг үргэлжлүүлээд байгаа учраас эрдмийн зэрэг, цол хямдхан болсон. Хариуцах хүн нь гаднаа байгаа учраас сургууль чанарт анхаарахгүй байна. Эзэн биенээсээ хариуцлага салчихаад байгаагийн нэг жишээ энэ.
-МУИС-д элсэж байгаа оюутан эхний 1.5-2 жил хичээлээ чөлөөтэй сонгож, судалсны дараа мэргэжлээ сонгоно гэж байна. Гэтэл энэ нь суурь боловсрол сайн олгодог сургуулиас Харвард, Кэмбрижид элсэгчдийн жишиг. Манайд тохиромжгүй, оюутан сүүлийн хоёр жил мэргэжлийн хичээлээ үзэж амжихгүй гэж үзэх хүн цөөнгүй байна. Манайд энэ арга зүйг хэрэгжүүлэх боломжтой юу?
А.Г: -Оюутан эхний хоёр жилд яамнаас тогтоосон, МУИС-д элссэн бүх оюутан судалдаг 24 кредитээс гадна ерөнхий эрдмийн хичээл, мөн мэргэжлийн зарим хичээлээ үзнэ шүү дээ. Зөвхөн мэргэжлийн хичээлээ судлах хүсэлтэй оюутанд зориулсан тусгай хөтөлбөр ч гаргана. Дөрвөн жилд бүх мэдлэгийг сайн олгох боломжгүй. Энэ хугацаанд мэргэжлийнх нь суурийг сайн тавьж, цаашид нарийсах, хөрвөх чадварыг нь нээж өгөх нь гол зорилго. Зах зээл ч үүнийг шаардаж байна.
-Дээд боловсролын шинэчлэл төрийн өмчийн их сургуулиудаас эхэллээ. Хувийн өмчийн сургуулиуд хэрхэх вэ. Ялгаагүй л дээд боловсролын байгууллага. Төрийн өмчийн сургуулиудад хийж байгаа шиг шинэчлэл тэдгээр сургуульд хийгдэхгүй бол шинэчлэл бүрэн агуулгаараа хийгдэж чадахгүй байх.
П.Э: -Монгол Улсад тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн 100 сургууль байна. Хувийн сургуулийн хувьд хүчин чадал, суралцагчдын тоо нь харилцан адилгүй. Нийт оюутны 102 мянга нь төрийн, үлдсэн 70 орчим мянга нь хувийн сургуульд сурдаг. Хувийн сургуулийн хамгийн том нь л гэхэд 5-6 мянган оюутантай. Ихэнх нь үүнээс бага. Өмнөх Засгийн газрын үед хувийн сургуулиудын тоог цөөлөх, чанаргүй сургуулиудыг хаах, өөр сургуультай нэгтгэх бодлого явуулсан. Төрийн өмчийн сургуулиа дэмжиж, шинэчлэл хийгээд, хувийн сургуулиудаа хаяна гэсэн ойлголт байхгүй. Өмчийн хэлбэрээр нь ялгаварласан бодлого баримтлахгүй.
Р.Б: -Хувийн сургуулиуд эрх зүйн хүрээнд зохицуулалт хийх хүсэлт тавьж байгаа. Маш сайн хөтөлбөр, багш нартай хувийн сургууль байдаг. Тэр сургуулийг бүрэн хэмжээний хөтөлбөртэй болгоё гэхээр бусад хичээл, мэргэжил нь суларчихдаг. Тэгэхээр сургуулийнх нь хүчтэй талыг хадгалаад, бусад сургуультай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлье, зохион байгуулалтын хувьд нэгтгэе гэхээр Иргэний хуулийн дагуу нэг нь заавал татан буугдаж, нөгөөгийнхөө харьяанд шилжих, эсвэл аль аль нь татан буугдаж байж нэг хуулийн этгээд болох болдог. Сургууль бие даасан байдлаа хадгалж, үйл ажиллагааны хувьд нэгдмэл зохион байгуулалтад орох ийм орчин бүрдүүлэх зохицуулалт шаардлагатай байгаа.
Д.М: -Жишээ нь, багш бэлтгэх бодлого дээр ярихад жилд 3500 орчим багш бэлтгэдэг. Тэрний 2000 багшийг нь манай сургууль бэлтгэж байна. Үлдсэнийг нь төрийн болон төрийн бус өмчийн бусад сургууль бэлтгэдэг. Бид багш бэлтгэх сургуулийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх ажилд төрийн болон төрийн бус өмчийн сургуулийг татан оруулж байна. Багш бэлтгэх бодлого, хөтөлбөрөөрөө нэгдэж ажиллая, чанаржуулъя, төгсөлтийн болон багшлах эрх олгох шалгалтын асуудлаар хамтарч ажиллая гэсэн санаагаар ажил эхлүүлсэн. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичгийг бид Азийн хөгжлийн банктай хамтраад багш бэлтгэдэг сургуулийн төлөөллийг оруулж, хэлэлцүүлсэн. Мэргэжлийн чиглэлийн сургуулиудын хорших үйл ажиллагаагаар дамжуулаад чанаржуулах алхмыг хийж болох юм гэж үзэж байна.
-Их, дээд сургуулийн магадлан итгэмжлэлийн асуудал нэлээд шүүмжлэл дагуулдаг. Өөрчлөгдөх ёстой нэг чиглэл энэ бас мөн байх аа?
Р.Б: -Шинэ хөтөлбөр бий болгох, тэр хөтөлбөрт үндэсний хэмжээний нэгдсэн стандартыг мөрдүүлж, сахиулж байх чиг үүргийг харьцангуй хөндлөнгийн шинжтэй магадлан итгэмжлэх байгууллага хийнэ. Энэ байгууллагын үйл ажиллагааны талаар зөрчилтэй үнэлэлт, дүгнэлт, байр суурь байгаа нь олон шалтгаантай. Энэ байдлыг засаж, тус байгууллагын боловсролын байгууллагад үзүүлдэг чанарын үйлчилгээг өгөөжтэй болгох, улсын хэмжээнд боловсролын нэгдсэн стандартыг сахиулахад үр нөлөөтэй ажилладаг хэрэгсэл болгох талаас нь шийдлүүд төлөвлөсөн. Үүнд, дотоод, гадаадын зөвлөхүүд, сургуулийн удирдлагууд хамтарч ажиллаж байна. Ялангуяа мэргэжлийн холбоодын оролцоог нэлээд нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа. Мэргэжлийн ашиг сонирхлын үүднээс хяналтын механизм ажиллаад эхлэхээр дээд боловсролын чанарын талаар төлөвлөж байгаа олон ажлуудыг мэргэжлийн байгууллагад нь өгөх, үр нөлөөтэй хянуулах, сургалт явж байгаа процессыг үйл явц дунд нь засаж, залах ийм сайн хөшүүрэгтэй болно. Энэ чиглэлд шинэчлэлийн бодлогын нэлээд хэсэг нь явж байгаа.
-Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн, нээлттэй, сонирхолтой ярилцлага өрнүүлсэн Та бүхэнд баярлалаа. Дээд боловсролыг үр ашиг, өгөөж тийш, хөгжил рүү шинэчлэн өөрчлөх эрхэм үйлсэд тань амжилт хүсье.
Ярилцаж, тэмдэглэсэн: С.Батбаатар, Г.Оюунгэрэл, Э.Эрдэнэцэцэг