Шинжлэх ухаан, технологийн салбараас 2013 оны Техник, технологийн ухааны салбарын Засгийн газрын шагналд Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөлийн хуралдаанаас Шинжлэх ухааны технологийн их сургууль, Манчестерийн техникийн их сургуулийн магистр Н. Нацагнямын "Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam_AX12 болон түүний виртуал лаборатори" сэдэвт бүтээлийг нэр дэвшүүлсэн.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар инженер Н.Нацагнямын "Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam-AX12 болон түүний виртаул лаборатори" бүтээлд Шинжлэх ухааны салбарын 2013 оны "Технологийн дэвшлийн шагнал"-ыг олгохоор шийдвэрлэлээ.
Энэхүү бүтээлд Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөл болон Боловсрол, шинжлэх ухааны яамнаас томилогдсон мэргэжлийн эрдэмтэдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дүгнэлт гаргасан байна. Ажлын хэсгийн дүгнэснээр уг бүтээл нь олон мэргэжлийн өндөр ур чадвартай зохион бүтээгчдийн багаар, олон жил хийгдэх ёстой оюунлаг бүтээн байгуулалтын ажлыг Монгол Улсын нэг иргэн гадаад улсад сурсан технологийн давуу талаа ашиглан гүйцэтгэж туршин үр дүнд хүрсэнээрээ онцлог юм. Ийм төрлийн бүтээлийг зохион бүтээхэд доод тал нь 7-8 өндөр мэргэжлийн инженер, зохион бүтээгч хүн шаардлагатай.
Инженер Н.Нацагнямын зохион бүтээсэн реактив чадлын автомат болох NaNyam-AX12 бүтээлийг бүх станц /дэд станцад суурилуулж реактив чадлын асуудлаа шийдсэнээр эрчим хүчний систем ОХУ-аас салж бие дааж найдвартай тогтвортой ажиллах боломж нээгдэнэ, эрчим хүчний систем янз бүрийн доргилт аваарын үед найдвартай ажиллах боломжтой болно, олон тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой болох юм. Энэ бүтээл нь БНХАУ-ын ижил төрлийн бүтээлээс 10 дахин хямд. Учир нь энэ бүтээл өндөр үнэтэй PLC контроллѐр, Matlab-Simulink мэтийн импортын техник болон програм хангамж ашиглаагүй. Энэ бүхнийг өөрийн оюунаар зохион бүтээж сурсан байна. Зөвхөн 0,11 cent - ийн silicon чип, 5 долларын хавтан зэрэг материаллаг зардлаас бүтсэн техник хангамж дээр өөрийн програм хангамжийг хослуулж 600 сая төгрөгний импортыг орлуулсан оюунлаг бүтээл болжээ. Ийм төрлийн бүтээл нь Монголын түүхэнд анх удаа бүтээгдэж байгаа юм байна.
Н.Нацагням нь бүтээлдээ Англи, Орос, Монгол гэсэн гурван янзын техник технологи ашигласан нь онцлогтой юм. Учир нь Английн импортын технологи нь манай Орос технологийг ойлгохгүй тул хэрэгтэй хэрэггүй гэж ялгахгүйгээр бүгдийг халж сольдог тул асар өндөр өртөгтэй. Түүнээс гадна барууны технологи манай технологид нийцдэггүй. Гэтэл Н.Нацагням барууны технологийг өөрчилж ашигтай загвар гаргасан мөн өндөр үнэтэй хүчтэй хуучин тоноглолыг хэвээр нь үлдээж хослуулсан нь дэвшилттэй юм.
Н.Нацагнямын энэхүү бүтээл нь зөвхөн эрчим хүч бус бусад инженерийн салбаруудад өргөнөөр хэрэглэгдэх боломжтой. Техник технологийг практикт нэвтрүүлэх ажил нь улаан дипломтой онц сурлагатаны онолоос тэс өөр. Техникийн дэвшлийг онц сурлагатан нар хийдэггүй харин байгалиас заяасан төрөлхийн авьяастай зохион бүтээгч хийдэг. Английн IT компаниудад тоогдож синѐр инженер хүртэл ахиж 9 жил ажилласан нь ямарч арын хаалга биш цэвэр өөрийнх оюуны чадамж юм. Монголын нийт залуучуудыг байлдан дагуулсан оюуны бахархалын үлгэр жишээ болсон сод бүтээл болсон байна хэмээн дүгнэжээ.
Н.Нацагням нь 1972 онд Улаанбаатар хотод төрсөн. 1990 онд Баянгол дүүргийн 40 дүгээр дунд сургууль төгсч 1990-1991онд Найрамдалын раойны Цахилгаан Шугам Сүлжээнд Монтёр, 1991-1995 онд ШУТИС-ийн ЭХИС-ийн Эрчим Хүчний Автомажуулалт мэргэжлээр, 1995-1997 тус сургуульдаа магистерт сурч төгсчээ. Улмаар 1997-1998 онд Баянзүрх дүүргийн Цахилгаан Шугам Сүлжээ компанид инженерээр ажиллаж байв.
1998-2000 онд Манчестерийн Техникийн Их Сургуулийн магистер, 2000-2007 онд Английн ALSTOM POWER CONVERSION LTD / CONVERTEAM компанид эрчим хүчний реактив чадлын автоматжуулалт /өдөөлтийн -систем, тогтворжилт, реле-хамгаалалтын техник болон программ хангамжийн зохион бүтээгч инженер, 2007 онд Английн NEC Electronics LTD компанид хүчний электроник, инвертерийн удирдлагын техник болон программ хангамж зохион бүтээгч синёр инженер, 2007-2009 онд Английн Castle Care-Tech LTD компанид интернет, радио холбоо, дохиоллын системийн программ хангамж зохион бүтээгч инженерээр тус тус ажиллаж 2009 оны зургадугаар сараас "Намхайннацаг ням" ХХК байгуулан захирлаар нь ажиллаж байна. Оны шилдэг бүтээлийн эзэнд олгодог тус шагналыг өмнө нь Төмөрбаатар, Намсрай нарын эрдэмтэд хүртэж байжээ. Тус шагналыг 100 сая төгрөг дагалддаг билээ.