"Монгол - Солонгосын багш солилцооны хөтөлбөр" -ийн хүрээнд БНСУ - аас нийт 24 багш Монголд ирж ажиллаж байна.
Эдгээр багш Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 17, хөдөө орон нутгийн нийт 7 сургуулиудад ажиллаж, Монгол багш нартай сургалтын арга зүй - технологи, туршлагаасаа хуваалцаж байгаа юм. Өнөөдөр Солонгос багш нар эхний сарынхаа ажлын үр дүнгээ тайлагналаа.
"Улс орон бүр өөрийн гэсэн онцлогтой. Тиймээс Монголчууд хичээлийн хөтөлбөртөө өв уламжлал хадалсан зүйлүүдийг түлхүү оруулах хэрэгтэй. Солонгос улсын өнөөгийн хөгжил дэвшил бол иргэдийнхээ боловсролд анхаарал хандуусны илрэл. Иймд ямар ч улс орон боловсролдоо ихээхэн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй" гэж Нийслэлийн Баянгол дүүргийн 93-р сургуульд газар зүйн багшаар ажиллаж байгаа Ли Вой Вон хэллээ.
Монгол багш нарт хичээлээ заахад шаардлагатай тоног төхөөрөмж, тусгай лабратори байдаггүй. Гэсэн ч тэд хүүхдүүддээ хичээлээ сонирхолтой хэлбэрээр заахын тулд тараах материал өөрсдөө бэлтгэж ирдэг. Энэ нь хүүхдүүдэд илүү хүрдэг юм байна гэдгийг Солонгос багш нар онцолж байв.
Дээрх уулзалтанд БШУЯ, БНСУ-ын Боловсролын яам, ЮНЕСКО-ийн АНДБООТ болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцлоо.