Увс аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтсээс авлигатай тэмцэх олон улсын өдрийг угтан аймгийн хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, их дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд “Миний мэдэх шударга ёс” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан явууллаа.
Эссэ бичлэгийн уралдаанд нийт 35 бүтээл ирүүлснээс эхний таван байрыг шалгаруулж өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнав. “Миний мэдэх шударга ёс” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд:
1-р байр С.Ганзориг \Улаангом сум\
2-р байр Б.Номин \Өлгий сум\
3-р байр М.Цэндхүү \Баруунтуруун сум\
Тусгай байр:
1. С.Одгэрэл \Хяргас сум\
2. М.Наранжаргал \Улаангом сум\ нар шалгарлаа.
Энэхүү уралдааныг зохион байгуулснаар нийгмийн шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх, авлигатай тэмцэх чиглэлээр бодитой санал санаачлага гарах, олон нийтэд уриалан, ёс суртхуунт зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн болно.
/ Хууль зүйн хэлтсээс авлигатай тэмцэх олон улсын өдрийг угтан “Миний мэдэх шударга ёс”сэдэвт зохион бичлэгийн уралдаанд түрүүлсэн бүтээл/
Ийм нэгэн явдал амь бөхтэй оршсоор л
/Бодит явдлаас сэдэвлэв/
Багшаа та яагаад намайг юманд оролцуулдаггүй юм бэ? гэж нэгэн хүүхэд асуув. Өнөө хүү сургууль дээр, ангидаа болсон явдлаа ээж аавдаа хэлэхэд багш нь дараа оролцуулах байлгүй дээ гэж хариулав. Энэ явдал удаа дараа болов. Хүүхэд хохирсоор л, алагчлал хүүхдийн амьдралд хар толбо үлдээсээр л. Нэгэн өдөр хүү тэрээр хичээлээсээ гэртээ эрт ирэхэд гэр нь цоожтой байсан учир ангийн найзынхаа гэрт оржээ. Ангийн найзын ээж нь яасан эрт тарсан бэ, манай хүү яасан бэ гэж асуухад ... хэлээд уйлав.
Ээж нь орой ажлаа тараад сургууль орж хүүхдээ авах гээд ангийн үүдэнд завсарлахыг хүлээв. Хонх цохиж хичээл тарж хамт явдаг ангийн найз нь гарч ирээд багш гэртээ харь гээд эрт явуулсан гэж хэлэв. Гэртээ очиход гэрийн үүдэнд ганцаардан нугасны дэгдээхий лугаа адил хүүхэд уйлаад сууж байв. Юу болсныг асуухад хичээл орох гэж байтал манай ангийн багш 13 хүүхдийн нэр хэлээд гэртээ хариад маргааш хичээлдээ ир гэж хэлсэн гэв. Хүү телевизийн бичлэгтэйг мэдэж байв. Ээж нь тэр даруй ангийн хүүхдийн ээжээс лавлахад нээлттэй хичээл буюу ур чадварын уралдаан болсон байна, энэ үеэр TV бичлэг хийгдсэн гэнэ. Аав ээж нь хүүхдээ аргалаад багш нь дараа телевизийн бичлэгт оруулна гэж байна хэмээн аргадав.
Нэгэн өдөр ангийн эцэг эхийн хурал болж баячууд гэх тодотголтой дийлэнх хэсэг ангидаа 35000 төгрөгөөр нийлж, эндээс багшид принтерийн хор, бичиг цаас гэх зэргийг авч өгье гэсэн санал дэмжигдэж үүнд өнөө 13 хүүхэд чирэгдэв. 39 хүүхэд 35000 төг гээд бодохоор сүрхий мөнгө болно. Үүнийг хүнээс зээлдэж өгөв. Энэ явдлаас хойш 10 гаруй хоногийн дараа сургуулийн урлагийн үзлэг болж багш нь мөн л ямар нэг номерт оролцуулсангүй. Нулимс цийлэгнүүлэн харж суух үүрэг гүйцэтгэв. Уг нь чамгүй дуулна, өөрөө ч дуулах сонирхолтой байснаа ээждээ хэлсэн. Энэ цагаас багшдаа дургүй болж, хичээлдээ сонирхолгүй ханддаг болсон.
Сайн багш хэн нэгэн хүний дэмжлэг, өөрийн хичээл зүтгэлээр гарч ирдэг болов уу. Тэгвэл бүх багшид тэгш боломж олгоод гараанаас гаргавал яах бол. Өнөөдрийн практикт боломжийн амьдралтай айлын хүүхдүүд тэрхүү сайн багшиийн шавь болж байхад өнөөх зорилтот бүлгийн айлын хүүхэд дундаж, түүнээс доогуур ажиллагаатай гэх тодотголтой багшид шавь орж аав ээжийн дэмжлэг, анхаарал сул болоод ч тэр үү хичээл номондоо сул, тухайн ангидаа сайн байсан ч өнөөх мундаг багшийн онцгой хүүхдүүдийн түвшинд хүрэхгүй нь элсэлтийн шалгалтаар батлагдаж, нийгмийн эрэлт хэрэгцээг хангахгүй мэргэжил сонгоход хүргэдэг. Ийм амьдрал бидний эргэн тойронд хаа сайгүй байна. Ингээд бодохоор сайн багш хүүхдээ бүртгэж авдаг биш харин сургуулийн удирдлагууд танил тал харгалзахгүй бүртгэлээр шууд хуваадаг байх нь өнөөх багш нарын шалгарлыг чин шударгаар гаргаж ирэх юм. Ийм содон багшид та, бид бүгдээрээ л хүүхдээ өгөхийг бодож ар өврөөр шивнэлдэж гүйлдэнэ. Үүнд буруу юу байхав. Гэхдээ л буруу хандлага төлөвшин тогтож байна.
Бидний сайн гэж тодосгосон багш цэцэрлэгээр дамжсан боломжийн айлын хүүхдүүдтэй ажилласнаар стандарт хангалт өндөртэй анги болж бусад багш, хүүхдийг чирнэ. Уг чанартаа дэмжлэг анхаарал сул, цэцэрлэгт сурч хөгжөөгүй хүүхдүүдтэй ажилласан багш мундаг ажиллагаатай багш баймаар. Өнөө стандарт хангалттай багш зөвхөн өнгө, мөнгө харж хүүхэдтэй харьцах байдал нь хэдийгээр ил биш ч ямар нэг зүйл дээр мэдрэгдэнэ. Үүнийг тодруулбал 7 хоногт 3 удаагийн 6 цагийн төлбөртэй сургалт ангидаа явуулахад дээрх 13 хүүхэд амьдралын боломжоороо хязгаарлагдан, улмаар хичээлийн хоцрогдолд орж сонирхол буурах нь лавтай. Ийм үйлдлээс хүүхэд шууд алагчлалын төлөөс болно.
Энэ бүхний эцэст ээж нь учир шалтгааныг олохоор багштай уулзахад ангийн хүүхэд олон учир зарим хүүхдийг телевизийн бичлэгт оруулаагүй, мөн урлагийн үзлэгт хүүхдийн тоо ихэдсэн, давтлаганд явуулахгүй байгаа гэх зэргийг хэлж, чихэр, инээд хоёроор урамшин идэвхжих хүүхдийн сэтгэлийг хөргөж, энхрий тэр хүүгийн асуултанд ийн хариулт өгөв.
Улаангом сум 3-р баг С.Ганзориг
