Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Солонгос улсын Боловсролын яам хоорондын боловсрол, шинжлэх ухааны салбарт 2012-2014 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд Юнескогийн Ази, Номхон далайн орнуудын ойлголцлын боловсролын байгууллага (APCEIU)-тай хамтран "Багш солилцооны хөтөлбөр" хэрэгжиж байгаа.
Энэ оны тавдугаар
сард хөтөлбөрийн хоёрдугаар шат эхэлж, өдөө орон нутаг, нийслэлээс 25
багш Солонгос улсын ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж, туршлага
судлахаар явсан. Харин өнгөрсөн долоо хоногт Боловсрол, шинжлэх ухааны
яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Цэдэвсүрэн, Гадаад
харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Н.Туяа нараар ахлуулсан
аймгуудын Боловсролын газрын дарга, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн
дарга нар Солонгост очиж, багш нарынхаа ажлын явц, үр дүнтэй танилцлаа.
Багш нар нэг сар гаруй хугацаанд ажиллаж буй сургуулиасаа олж мэдсэн
туршлагаа бусаддаа танилцуулж, Боловсролын яамдын холбогдох хүмүүс болон
APCEIU-ийн удирдлагуудад тайлагналаа. Тэд Солонгос сургуулийн орчин,
багш нарын заах арга зүй, хичээлийн хэрэглэгдэхүүн гээд санаа авч эх
орондоо хэрэгжүүлэх олон давуу тал байгааг, ирэх сард эх орондоо очоод
сурч мэдсэнээ хэрэгжүүлж, бусаддаа түгээх хүсэл дүүрэн байгаагаа энэ
үеэр илэрхийлсэн юм.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ
хөтөлбөрт голдуу амжилттай ажиллаж яваа залуу багш нарыг сонгож
томилсоноороо онцлог юм. Мөн аймаг, дүүргүүдийн Боловсролын газар,
хэлтсийн дарга нарыг Солонгосын сургуулиудаар зочлуулж, туршлага
судлуулсан нь ихээхэн үр дүнтэй боллоо. Ирэх наймдугаар сард Солонгос
улсаас 25 багш манай улсад ирж, сургуулиудад томилогдон ажиллана. Монгол
Солонгосын багш солилцооны хөтөлбөр ийнхүү амжилттай хэрэгжиж байна.
Энэ нь хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа, соёлын солилцоо,
боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм.