МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН АЛБА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ
90 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ
Монгол Улсад Мал эмнэлэг, үржлийн алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг 2013 оны 09 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод тэмдэглэв.
Ойн арга хэмжээнд Монгол Улсын бүх аймаг, сумаас болон төв орон нутгаас сонгогдсон нийт 1300 төлөөлөгчид оролцов. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын дарга М.Галбадрах ойн баярын хуралд “Мал эмнэлэг, үржлийн албаны түүхэн замнал” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Монгол Улсын мал аж ахуйн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиглэлийн талаар төв, орон нутгаас ирсэн мэргэжилтнүүдийг гурван хэсэгт хуваандараах сэдвүүдээр онол үйлдвэрлэлийн бага хурал зохион байгуулав.
· Монгол улсын шинжлэх ухааны мал эмнэлгийн үүсэл, хөгжил, ирээдүй
· Бэлчээрийн мал аж ахуйн чиг хандлага, хэтийн төлөв
· Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийн чиглэл гэсэн сэдвээр илтгэл бэлтгэж хэлэлцүүлэв. Ойн арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ. Ажил, мэргэжилдээ эзэн нь байж, бүтээлч хөдөлмөрөө үнэлүүлэн гавъяат малзүйч 1, малын гавъяат эмч 1 төрснөөс гадна мал аж ахуйн зургаан мэргэжилтэн хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, 28 мэргэжилтэн алтан гадас одонгоор нийтдээ 140 гаруй мэргэжилтнүүдийг төрийн одон медаль, бусад шагналаар шагнаж урамшуулсан нь төр засгаас мал аж ахуйн салбарт анхаарал хандуулж буйгийн илэрхийлэл бөгөөд салбарын ажиллагсдад ихээхэн урам, сэтгэлийн дэм өгсөн үйл явдал болсон юм.
Мөн энэ үеэр Монгол Улсад үржүүлж буй өндөр ашиг шимтэй, галбир бие цогцос сайтай, шилмэл мал, малын эм бэлдмэл, техник хэрэгсэлийн үзэсгэлэн, худалдааг Хүй долоон худагт зохион байгуулав. Уг үйл ажиллагаанд 18 аймаг, нийслэлийн 6 дүүргийн 58 иргэн, аж ахуйн нэгжийн 688 мал, амьтан оролцов. Энэ нь нийслэл хотын иргэд, ялангуяа сургуулийн сурагч, залуучуудад мал аж ахуйн талаар мэдлэг, мэдээлэлтэй болоход зохих хэмжээний ач холбогдолтой боллоо. Нөгөө талаар энэ арга хэмжээ нь мал аж ахуйн мэргэжилтнүүд бие биеэсээ суралцах, малын эрүүл мэндийг хамгаалах, үржил ашиг шимийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.