Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлах өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа
Нийслэл Улаанбаатар хотод барьж 2025-2028 онд ашиглалтад оруулах орон сууцны барилгуудын бүтээн байгуулалтын явцын талаарх танилцуулгыг сонслоо.
Энэ онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд Баянхошуу, Шархаданд тус бүр 110 айлын орон сууц ашиглалтад орох бөгөөд ирэх гурван жилд Сэлбэ, Баянголын ам, Ханын материал зэрэг байршилд нийт 12619 айлын орон сууц ашиглалтад орох юм байна.
Засгийн газрын хуралдаанаас орон сууцны хангамжийг сайжруулах зорилтын хүрээнд багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий өргөтгөсөн ажлын хэсгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулан байгууллаа. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл багтжээ.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.
Гэр бүлийн тухай хууль нь хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулж байгаа суурь хуулиудын нэг бөгөөд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль 1999 онд батлагдсан. Тус хууль өнгөрсөн 26 жилийн турш зарчмын шинжтэй өөрчлөлт огт хийгдэлгүй үйлчилж байна. Гэр бүлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч эдгээр нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй бусад хуулийн шинэчлэлийг дагалдсан нэмэлт, өөрчлөлт байжээ. Тиймээс хувьсан өөрчлөгдөж буй нийгмийн харилцаа, тэр дундаа гэр бүлийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байна.

Монгол Улсын хувьд хууль батлагдаж байсан үе буюу 1999 оноос хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцаа ихсэж байгаа бөгөөд үүнээс үүсэх үр дагаврыг төдийлөн нарийвчлан зохицуулаагүй байна. Тухайлбал, Монгол Улсад гэр бүлийн маргааныг оновчтой шийдвэрлэх, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал нэн чухал болоод байгааг хуулийн төслийн танилцуулгад дурджээ. 2024 онд улсын хэмжээнд нийт 73727 иргэний хэрэг, Гэр бүлийн тухай хуулиар нийт 3538 хэрэг хянан шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэгдсэн иргэний хэргийн 5 жилийн дундаж нийт иргэний хэргийн 10.1 хувь байна.
Түүнчлэн энэхүү хууль нь 2002 онд батлагдсан Иргэний хуулийн суурь үзэл баримтлалтай нийцэхгүй байдал үүссэн, цаашлаад хувьсан өөрчлөгдөж буй гэр бүлийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүйгээс гэр бүлийн харилцааны олон асуудал, тухайлбал хүүхэд, гэр бүлийн гишүүдийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй байгаа ажээ.
Тиймээс Гэр бүлийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, хуулийн зөрчил, хийдлийг арилгах зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг хэлэлцэн баталлаа. Уг тогтоолоор томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчний хүндрэлээс сэргийлэх зорилгоор 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээр асарч байгаа, ажил хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчийн аль нэгэнд ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгалаа.
Мөн томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээр асарч байгаа, ажил хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчийн аль нэгэнд ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажил олгогч нарт уриалсан байна.
Монгол Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин тархвар судлалын 30 дугаар долоо хоногоос эхлэн нэмэгдэж, 38-39 дүгээр долоо хоног буюу 9 дүгээр сарын сүүлийн 7 хоногт идэвхжлийн түвшинд шилжиж, оргил үе нь 12 дугаар сарын дунд үе, 1 дүгээр сарын эхээр тохиодог.
Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдварын хандлагыг ЭМЯ-наас тандан судалсны үндсэн дээр тооцоход өвчний оргил үед долоо хоногт 13,185-42,449 хүн амбулаториор үйлчлүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах бол амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас 1,301-4,653 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх урьдчилсан тооцоололтой байна.
Томуу, томуу төст өвчний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь бусад насны бүлэгтэй харьцуулахад 5 хүртэлх насны хүүхдэд өндөр байдаг. Уушгины хатгаа өвчнөөр эмнэлэгт хэвтсэн 5 хүртэлх насны хүүхдийн 5 хувь нь улирлын томуугийн вирусийн, 20 хувь нь амьсгалын замын синцитиаль вирусийн шалтгаант хатгаагаар өвдсөн байдаг болохыг олон улсын судалгаагаар нотолсон байдаг. Манай улсад хийсэн томуу, томуу төст өвчний хүний эрүүл мэндэд учруулж буй дарамтын судалгаагаар жил бүр 5 хүртэлх насны 530-4,547 хүүхэд (100,000 хүүхдэд ногдох) томуугийн шалтгаант амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна.
Бага насны хүүхдэд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг эхэлснээс хойш 3-5 хоногийн хугацаанд уушгины хатгалгаагаар хүндрэх эрсдэлтэй, эдгэрэх дундаж хугацаа нь 11.7 хоног байдаг. Иймд томуу, томуу төст өвчний эхэн үед эцэг, эх, асран хамгаалагчдад цалинтай чөлөө олгосноор хүүхдийг гэрээр асрах боломж бүрдэж, хүндрэлээс сэргийлэх, эмнэлгийн орны ачааллыг бууруулах боломжтой юм.
Бүгд найрамдах Киргиз улсын Сайд нарын танхимтай байгуулсан Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа
Бишкек хотноо 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-ийг хэлэлцэн баталлаа.
Замын хөдөлгөөний тухай 1968 оны Венийн конвенц нь 87 гишүүн улстай бөгөөд Монгол Улс 1997 онд нэгдэн орсон. Конвенцоор гишүүн улсууд иргэдийнхээ үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрч, солих асуудлыг зохицуулсан байдаг. Конвенцын хэрэгжилтийг хангах зорилгоор конвенцын гишүүн улсуудтай үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тохиролцоог байгуулж тухайн улсад байнгын оршин суугаа Монгол Улсын иргэдийн эрх, ашигт нийцсэн нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж хоёр талын хэлэлцээр, санамж бичгүүдийг байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд одоогийн байдлаар Бүгд Найрамдах Чех Улс, Бельгийн Хаант Улс, Люксембургийн Их Гүнт Улсад байнгын оршин суугаа Монгол Улсын иргэд өөрийн эзэмшиж буй Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг аливаа урьдчилсан нөхцөлгүйгээр солиулах боломжтой болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-т 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан байна.
Хэлэлцээр нь нийт 11 зүйл бүхий монгол, киргиз, англи, орос хэлээрх дөрвөн эх бичвэрээс бүрдэх бөгөөд хоёр улсын иргэд өөрийн жолоодох эрхийн үнэмлэхээ нөгөө улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солих хүсэлтээ гаргахдаа бүрдүүлэх материал, эрх бүхий байгууллагаас дотоодын хууль тогтоомжид заасны дагуу хүсэлтийг хүлээн авч хэрэгжүүлэх, харилцах хэл, харилцах байгууллага гэх зэрэг асуудлыг тусгасан байна. Түүнчлэн жолоодох эрхийн үнэмлэх дээр заасан тээврийн хэрэгслийн ангилалд нийцүүлсэн үнэмлэхээр солих бөгөөд шаардлагатай тохиолдолд талууд үнэмлэхний жинхэнэ эсэх дээр эрх бүхий байгууллагаас лавлагаа гарган өгч баталгаажуулах зохицуулалтыг тусгажээ.
“Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-ийг талууд тус тусын дотоодын хууль зүйн процедурыг бүрэн хангаж, дипломат шугамаар харилцан мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болох зохицуулалттай.



