Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Гамшгаас хамгаалах дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” 41 дүгээр захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 08 дугаар албан даалгавар, мөн дүүргийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд оролцуулах тухай” А/250, “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангах тухай” А/472 дугаар захирамжуудын дагуу Сонгинохайрхан дүүрэгт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” өнөөдөр эхэллээ.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтэд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Сандагсүрэн нарын удирдах бүрэлдэхүүн оролцлоо.
Иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж, дүүргийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. Тус иж бүрэн сургуульд дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах 14 алба, мэргэжлийн 35 анги, 229 байгууллагын нийт 2585 алба хаагч, 50 техник хэрэгсэлтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа гэж Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.