Сүүлийн үед цахим орчноор залилан хийх, дарамтлах, садар самуунд уруу татах зэрэг гэмт хэрэг ихээр гарах болсон. Уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн Ерөнхий Газраас санаачлан "Unfriend хөдөлгөөн"-ийг олон нийтийн дунд өрнүүлээд байна. Манай улсын хэмжээнд интернет хэрэглэгчийн тоо өдрөөс өдөрт өссөөр байгаа бөгөөд 2017 оны байдлаар цахим орчинд 299 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс 94 хувь нь залилан, 2.5 хувь нь сүлжээний гэмт хэрэг, 0.7 хувь нь бусдын нууцад халдах, 1.4 хувь нь садар самуунтай холбоотой гэмт хэргүүд үйлдэгдсэн байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд Цагдаагийн Ерөнхий газартай хамтран 2018 оны 9 дүгээр сарын 05-наас цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Unfriend хөдөлгөөн" ухуулга, нөлөөллийн арга хэмжээг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дунд зохион байгуулж дэмжин ажиллаж байна. Мөн тус арга хэмжээний хүрээнд цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гурван төрлийн 11000 ширхэг ухуулга, сурталчилгааны материалыг хэвлүүлэн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон сууцны хорооллын цахилгаан шат, мэдээллийн самбар, автомашин, нийтийн тээврийн хэрэгсэлд байршуулан иргэдэд мэдээлэл хүргээд байгаа талаар нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ.