Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн компьютерийн үндсэн хэрэглээний программын ангийг 47 хүн амжилттай дүүргэж, өнөөдөр сертфикатаа гардан авлаа “Залуучуудын хөгжлийг дэмжих төв” нь БНСУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” сургалтын төвтэй хамтран компьютерийн үндсэн хэрэглээний сургалтаас гадна мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн 8 төрлийн сургалтыг залуучуудад үнэ төлбөргүй зохион байгуулж байна.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Манай Залуучуудын хөгжлийг дэмжих төв нь хамгийн сүүлийн үеийн үзүүлэлттэй 72 компьютертой, 4 сургалтын танхимийг 2017 онд ашиглалтад оруулан өнгөрсөн хугацаанд 1800 орчим залуучуудыг сургалтад хамруулж, тодорхой хэсгийг нарийн мэргэжил эзэмшүүлж, өнөөдрийн байдлаар 9 залууг бизнес инкубатор төвд бойжуулан хөгжүүлж, 20 гаруй залуучуудыг ажлын байранд холбон өгч ажиллаа. Та бүхэн энэ оны компьютерийн үндсэн хэрэглээний ангийн анхны төгсөгчид боллоо. Цаашид илүү хичээн зүтгэл гаргаж, нарийн мэргэжлийн сургалтуудад хамрагдахыг хүсье” хэмээгээд “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар Хөгжлийн төлөөх гэгээн мөрөөдөлтэй залуучуудыг ямагт дэмжин ажиллах болно” хэмээн төгсөгчдөд хандан хэллээ.
Сургалтад хамрагдахыг хүссэн хүмүүс Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын пэйж хуудас / https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/ болон 9712-5557 дугаарт холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авна уу гэж Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.