Нийслэлийн гудамж, талбайн өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлын төлөө цаг тутам ажиллаж, иргэдийн ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж байдаг “Нийслэлийн зам талбайн үйчлэгчдийн 5-р зөвлөгөөн”-ийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгууллаа. Зөвлөгөөнд нийслэлийн 9 дүүрэгт ажил үйлчилгээ эрхэлдэг Тохижилт, үйлчилгээний 23 байгууллага, аж ахуйн нэгжийн 920 зам талбайн үйлчлэгч, нийслэл, дүүргийн удирдлагууд оролцов. Тэд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцан, зам талбайн үйлчлэгч болон ТҮК-ны удирдлагуудын санал бодлыг сонсч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ тодорхойлсон юм. Мөн иргэдэд хандан “Ил задгай хогоо хаяхгүй, хогийн саванд хогоо хаяж, зам талбай цэвэрлэж байгаа үйлчлэгчдийг хүндэлцгээе” гэсэн уриалгыг гаргалаа.
Зөвлөгөөнөөр ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлж ажилласан 23 зам талбайн үйлчлэгчийг Байгаль орчны Тэргүүний ажилтан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэт өргөмжлөл, хүндэт тэмдэг, Нийслэлийн Тэргүүний ажилтан, Нийслэлийн Засаг даргын Жуух бичиг, Хотын ерөнхий менежерийн Өргөмжлөл, Монголын “Нэгдмэл” үйлчдвэрчний эвлэлийн холбооны Үйлчилгээний Тэргүүний ажилтан цол тэмдгээр, 60 зам талбайн үйлчлэгчийг БНХАУ-ын Манжуур хотод аялуулах эрхийн бичгээр тус тус шагнаж урамшуулав.
ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГЧДООС НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГАД ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
- Зам талбайн цэвэрлэгээний үнэ тарифыг зам, замын байгууламжийн төрөл, хэлбэр, цаг уурын нөхцөл байдлаас хамааруулан тооцдог шинэ тарифыг тогтоох
- Хот тохижилтын тусгай зориулалтын багаж хэрэгсэл, машин техникийн хангамжийг сайжруулах
- Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний хяналт үнэлгээний системийг боловсронгуй болгох
- Нийслэлийн иргэдийн соёлыг дээшлүүлэхэд төрөл бүрийн олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэх
- Зам талбайн үйлчлэгчдийг АВТОБУСАНД үнэгүй зорчих асуудлыг шийдвэрлэх
- Зам талбайн үйлчлэгчдийг эрүүл мэндийг үзлэгт хамруулдаг болох
- Хот тохижилтын байгууллагуудын дунд ур чадварын уралдаан тэмцээн зохион байгуулах
- Хот тохижилтын байгууллагын ажилчдыг гадаад дотоодод аялуулах гэж Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.