ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах
“Могул таун” хотхонд 240 айлын 1200 гаруй оршин суугч амьдарч байна.
2011 онд ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл төвийн дулаанд
холбогдоогүй, нам даралтын зуухаар дулаанаа хангаж иржээ. 2 жилийн өмнө
төвийн шугам татагдсан ч компани хоорондын маргаанаас болоод өнөөг
хүртэл хүйтэн, тохь тухгүй байранд амьдарч буйгаа оршин суугчид нь хэлж
байв. Энэ талаараа Монгол Улсын Шадар сайдад гомдол гаргасны дагуу
ажлын хэсэг байгуулагдаж, өчигдөр анхны хурлаа хийсэн байна. Харин
өнөөдөр ажлын хэсэг хотхоны дулаан хангамжийн нөхцөл байдалтай газар
дээр нь танилцаж, тодорхой шийдвэр гаргалаа.
ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр “Ажлын хэсэг хуралдаад “Могул таун” болон дулааны шугамыг нь барьсан компани хоорондын гэрээг нь байгуулууллаа. СӨХ-г оруулж гурвалсан гэрээ байгуулсан. Дулаан хангамжийн төрийн байгууллагын зүгээс нарийн тооцоо судалгаа хийж, дулаан хангамжаа өгнө. Гэхдээ доогуур явсан шугам нь хөлдчихсөн, халуун ус өгөхөөр холбоос гагнаас нь задрахаас эхлээд хүндрэл бий. Ирэх долоо хоногоос эрс хүйтрэх төлөв байгаа учраас бид ямар ч байсан энэ долоо хоногийн сүүл гэхэд хотхоны дулаан хангамжийг шийдвэрлэхээр тооцож байна” хэмээн мэдэгдлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.