Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь
суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын
эхэнд ноён Жеймс Андерсон, цаг гарган хүлээн авч уулзаж байгаад
талархал илэрхийлээд, хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийнхээ талаар
товч мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн
банктай хамтран хотын тээвэр, хөрөнгө оруулалтын бодлого, газрын
харилцаа, хот төлөвлөлтийн менежментийн чиглэлээр хамтран ажиллаж, хэд
хэдэн зөвлөмж гаргасан. Мөн өнгөрсөн жилээс эхлэн “Нийгмийн хариуцлагыг
бэхжүүлэх” төсөл эхлүүлж Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй гэсэн 3
том дүүргийг тус төсөлд хамруулан ажиллаж байна. Энэ төсөл нь нь
боловсрол, эрүүл мэндийн салбарт нийгмийн эргэх хариуцлагыг бэхжүүлэхэд
чиглэсэн гэдгийг тэрээр хэллээ. Төслийн үр дүнд иргэд тэр дундаа
нийгмийн эмзэг давхаргын хүмүүсийн дуу хоолойг төрийн шийдвэр гаргах
явцад оролцуулах, тэдний амьдралын түвшин дээшилж, боловсрол, эрүүл
мэндийн үйлчилгээг адил тэгш хүртэх боломж бүрднэ гэдгийг тэрээр онцлов.
Уулзалтын төсгөлд Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон Монгол Улс Дэлхийн банкны гишүүн орон болсны 25 жилийн ойд зориулсан Хүндэт тэмдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод гардуулан өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.