Сургуулийн өмнөх болон ерөнхий
боловсролын сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд хүүхэд шинээр
элсүүлэх ажлыг оновчтой зохион байгуулахад мэргэжил, арга зүйн
удирдлагаар хангаж, хяналт тавих Ажлын хэсгээс цэцэрлэгийн 2016-2017 оны
хичээлийн жилийн бүртгэл, элсэлтийг зохион байгуулах талаар мэдээлэл
өглөө. Хуралд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн
хэлтсийн дарга М.Отгонбаяр, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын
дарга Я.Байгалмаа, нийслэлийн Боловсролын газрын Сургалт, арга зүйн
хэлтсийн дарга, ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга Ц.Жаргалантуул,
дүүргүүдийн боловсролын хэлтсийн дарга нар оролцов.
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн судалгаанд үндэслэн элсэлтийн бүртгэлийг 08 сарын 22-ноос 08 сарын 26-ны өдрүүдэд ажлын цагаар зохион байгуулна. Бүртгэхдээ "Элсэлтийн тасалбар" тараах бөгөөд тасалбараараа наймдугаар сарын 26-ны өдөр сугалаа явуулна. Цэцэрлэг бүр өнгөрсөн хичээлийн жилд хүмүүжиж байсан хүүхдийг үргэлжлүүлэн суралцуулах юм. Мөн 2014 онд төрсөн хоёр настай хүүхдийг шинээр элсүүлнэ гэдгийг нийслэлийн Боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга, ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга Ц.Жаргалантуул хэллээ.
Төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа хэдий ч тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй байгаагаас үүдэн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхэд элсүүлэх элсэлтийн зөвлөмжийг холбогдох удирдах байгууллага, албан тушаалтан, эцэг эх, асран хамгаалагчдад хүргүүлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.