Тэтгэвэр нэмэгдэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэтгэврийн хэмжээг 2016 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 21 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 251 мянга, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 216 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоов.
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж, 2016 онд дундаж тэтгэврийг 300 мянган төгрөгт хүргэхээр тусгасан. Тэтгэврийг ийн нэмэгдүүлснээр дундаж тэтгэвэр 306,2 мянган төгрөгт хүрч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт биелэх боломжтой болж байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг Засгийн газрын 2014 оны 15, 2015 оны 52 дугаар тогтоолоор 20-22 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж байсан юм.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2016 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 140 мянга, асаргааны тэтгэврийн хэмжээг сард 64 мянган төгрөг байхаар тогтоолоо. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүллээ.
Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд зэрэг төрөөс анхаарал халамж шаардлагатай 60 орчим мянган иргэн авч байгаа юм. Түүнчлэн байнгын асаргаатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 45 мянга гаруй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг байна
Дадлагажигч, ажилтны шилжилт хөдөлгөөний төв байгууллаа
Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлүүлэх, ур чадварын дадлагажигчаар илгээх, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах чиг үүргийг хариуцан ажиллах “Дадлагажигч, ажилтны шилжилт хөдөлгөөний төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг Хөдөлмөрийн яамны харьяанд байгууллаа.
Өнөөдрийн байдлаар БНСУ-д 7255 иргэн хөдөлмөр эрхэлж байгаа бол Япон улсад 724 иргэн ур чадварын дадлагажигчаар суралцан ажиллаж байна.
Ажиллах хүч илгээх, хүлээн авах чиг үүргийг Хөдөлмөрийн яамны харьяа “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв” хариуцан ажиллаж байна.
Энэ сарын байдлаар Япон улсад ур чадварын дадлагажигч илгээх тусгай зөвшөөрөлтэй 38 аж ахуйн нэгж, байгууллага байгаа хэдий ч дадлагажигчаар илгээж буй хүний тоо харьцангуй цөөн, жилд дунджаар 320 орчим байна.
Эдийн засгийн түншлэлийн Монгол, Япон улс хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд тус улсад илгээх дадлагажигчийн тоо эрс нэмэгдэх хандлагатай байна.
Иймд ажиллах хүчний гадаад шилжих хөдөлгөөний зөв зохицуулалтыг бий болгох, гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаа иргэний эрх, ашиг сонирхлыг хамгаалах, зуучлагч байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, гадаадад ажиллах хүч илгээх, хүлээн авах үйл ажиллагааг нэг цонхны бодлогоор зохион байгуулах зорилгоор улсын төсөвт үйлдвэрийн газар байгууллаа.
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. Тус төлөвлөгөөнд 4 бүлэг, 63 арга хэмжээ тусгагджээ.
Онцгой байдлын албаны тухай хуулийн төсөл, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх, нурах аюултай хуучин барилгуудыг мэргэжилийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн үе шаттайгаар буулгах, дахин шинээр барилгажуулах ажлыг зохион байгуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Мөн газар хөдлөлтийг хянах, бүртгэх, станцуудын үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэх, Сэлэнгэ, Мандалговь, Богд станцад шаардлагатай багаж төхөөрөмжийг суурилуулах, Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжлийг хянах станцуудын сүлжээг газар хөдлөлтийг бүртгэх автомат 5 станцаар нэмэгдүүлэх зэрэг олон ажил хийхээр тусгажээ.
223 айлын орон сууцыг Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүллээ
Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар “Бэрэн” ХХК-ийн барьж байгаа нийслэлийн орон сууцны VII хорооллын 223 айлын орон сууцыг Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүллээ.
Орон сууцны бүртгэлийн ажиллагаанаас харахад түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн эрэлт нь нийлүүлэлтээс даруй 3 дахин их байгаа төдийгүй түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх хүсэлт ихээр ирж байгаа юм байна.
Эгийн голын усан цахилгаан станц барихаар төлөвлөсөн газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа
Эгийн голын усан цахилгаан станцын барилга байгууламж, далан, усан сан, дэд бүтцийн болон туслах үйлчилгээний байгууламжийг барихаар төлөвлөсөн 36980.79 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа.
Тусгай хэрэгцээний газрын талаар хийсэн судалгаанд үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас газрыг нөхөх олговортойгоор солих болон эргүүлэн авахад гарах зардлын хэмжээ, нүүлгэн шилжүүлэх хугацааг тохиролцон гэрээ байгуулж үе шаттайгаар шийдвэрлэнэ.
Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөтөлбөр болох Эгийн голын усан цахилгаан станцын далан, бусад барилга байгууламж, усан сан үүсэх газар нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрт хамаарч байгаа юм. Төслийн техник эдийн засгийн үндэслэл, бүх төрлийн судалгаа, техникийн зураг төсөлд зааснаар усан сан бий болох талбайд Хутаг-Өндөр сумын Хантай багийн төв байгаа юм. Тус төвийг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 19 дүгээр тогтоолоор гаргасан байна.
“Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөр баталлаа
“Сав баглаа боодол” хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгах, зээл, тусламжид хамруулах, хөрөнгийн бусад эх үүсвэрийг ашиглан санхүүжүүлж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээгээр хүнсний зориулалтын бус хуванцар саванд хонуулсан усны найрлагыг төвлөрсөн сүлжээний усны үзүүлэлттэй харьцуулахад төмөр 2 дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их байгааг тогтоожээ. Түүнчлэн хуванцар саванд хонуулсан сүүнд хүнд металь болох кадьмын агууламж стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин, айрганд 4,4 дахин их байв. Энэ нь хүнсний зориулалтын бус хуванцар савны бүрэлдэхүүн дэх химийн хорт бодисууд шингэн бүтээгдэхүүнд шилжин уусч, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл учруулах өндөр эрсдэлтэй байна.
2015 онд гурван аймаг, Улаанбаатар хотын 297 өрхөд хийсэн судалгаагаар нэг өрх дунджаар 20-100 литрийн багтаамжтай 3-4 ширхэг хүнсний зориулалтын бус хуванцар сав хэрэглэдэг, ийм савны олон улсын ангиллын тэмдэглэгээ, эрүүл мэндийн нөлөөлөл, зохистой хэрэглээний талаарх мэдлэг бага гарчээ.
Иймээс эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бодит хүчин зүйл болоод буй хүнсний зориулалтын бус хуванцар савны хэрэглээг халахад чиглэсэн хөтөлбөр боловсруулж цогц арга хэмжээ авах шаардлагатай болжээ.
Номын сангийн сан хөмрөгийг байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын үед нүүлгэн шилжүүлэх журмыг баталлаа
Улсын болон орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын үед нүүлгэн шилжүүлэх журмыг баталлаа.
Улсын мэргэжлийн хяналтын газраас 2011 онд нийслэл, 21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа номын сангийн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтад хийсэн шалгалтын дүгнэлтэд “Нийт номын сангийн 52 хувь нь зориулалтын байргүй, бүх сан хөмрөгийн өрөөний хүрэлцээ багтаамж муу, хадгаламжийн даац хэтэрсэн, 91 хувьд нь сан хөмрөгийг аюулаас хамгаалах систем байхгүй, 41 хувьд нь цахилгаан монтаж, сантехникийн шугам, сүлжээний угсралт нь аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, 91 хувь нь түгшүүрийн дохиогоор ажиллах, гаднын ямар нэг халдлагыг шууд мэдээлэх системгүй байна” гэжээ.
Монгол Улсын оюун ухааны санамж, үндэсний соёлын баримтат өвийг хадгалагч номын сангуудын сан хөмрөг зориулалтын орчин нөхцөлд хадгалагдаагүй, соёлын үнэт өв, хосгүй үнэт ховор ном, судар эрсдэлд орж болзошгүй байгаа тул гамшгаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэхээр энэхүү журмыг баталлаа.
Нээлттэй засгийн түншлэлийн 2016-2018 оны үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөг батална
Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн 2016-2018 оны үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний төслийн танилцуулгыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцууллаа. Тус төлөвлөгөөний төслийг дэмжиж, Үндэсний зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэн батлуулахаар боллоо.
Төлөвлөгөөний төсөлд
-Төрийн үйлчилгээг сайжруулах
-Төрийн үйл ажиллагаанд шударга байдлыг нэмэгдүүлэх
-Төрийн нөөц эх үүсвэрийг үр дүнтэйгээр удирдах,
-Аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх,
-Компанийн хариуцлага, эргэн тайлагналыг нэмэгдүүлэх гэсэн үндсэн 5 сорилтын хүрээнд нийт 17 зорилт, арга хэмжээг тусгажээ.
Хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээгээр Монгол Улсын нээлттэй засгийн түншлэлийн 2014-2016 оны үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөнд тусгагдсан 35 зорилт, арга хэмжээнээс 2 зорилт, арга хэмжээ “Од” үнэлгээ авч олон улсын түвшинд сайн жишиг болж үнэлэгдсэн байна.
Тэрхийн голын бетон гүүрийг засварлах хугацаанд хөвдөг гүүр ашиглана
Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай автозамд байрлах Тэрхийн голын 217,15 у/м төмөр бетон гүүрэнд гэнэтийн эвдрэл гарч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ.
Гүүрийг засварлах дөрвөн сарын хугацаанд хөвдөг гүүрийг ашиглахад 205,7 сая, хөвдөг гүүрийн хоёр талд 4,9 метр түр замын далан барихад шаардагдах 71,6 сая буюу нийт 277,3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
Улаанбурхан өвчний байдал, нэмэлт дархлаажуулалтын явцын талаар танилцууллаа
Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа Улаанбурхан өвчний байдал, тус өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын явцын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Энэ оны тавдугаар сарын 19-26-ны долоо хоногт улсын хэмжээнд улаанбурхан өвчний сэжигтэй 901 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 29 хувиар буурсан байна.
Мөн хугацаанд ХӨСҮТ-д 1098 өвчтөн хандсанаас 660 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй, 143 нь хэвтэн эмчлүүлжээ.
Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын хамралт тавдугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн байдлаар улсын хэмжээнд 538,344 хүн хамрагдаж, хамралтын хувь 86,6 байна. Сэлэнгэ, Орхон, Өмнөговь, Говьсүмбэр аймаг болон нийслэлд хамралтын хувь өндөр, Завхан, Сүхбаатар, Хэнтий, Архангай аймгуудад бага байна.
Товч мэдээ
· Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн болон дүрмийг шинэчлэн баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд даалгалаа.
· Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний жилийн хэрэглээний босго хэмжээг баталлаа. Эрчим хүчний хэрэглээ нь босго хэмжээнээс давсан хэрэглэгчийг үүрэг хүлээсэн хэрэглэгчээр бүртгэж, холбогдох журамд заасны дагуу мөрдүүлэх ажлыг зохион байгуулна.
· АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд газар ашиглуулах тухай Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягт олголоо.
· Үндэсний хөтөлбөрүүдийн 2015 оны хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцууллаа.
· Автозамын тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар А.Эрдэнэтуяаг томиллоо.
· 2016 оны зургадугаар сарын 11-нээс УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлж байгаа ч Монгол Улсын Засгийн газрын хуралдааныг хуваарийн дагуу хийнэ, Засгийн газар хэвийн горимоор ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.