Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны А/69 дүгээр захирамжийн дагуу “Хүнсний эрхийн бичгээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх дэлгүүр”-ийг сонгон шалгаруулж 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Төрийн банкны 120 мянгат тооцооны төв, дэлгүүрийн эзэн/захирал-тай гурвалсан гэрээ байгууллаа.
Гэрээ байгуулахын өмнө үйлчилгээ үзүүлэх дэлгүүрийн эрхлэгч нартай хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний талаар, үйлчилгээг үзүүлэхэд анхаарах зүйл, гэрээнд заасан асуудлаар хэрхэн хамтарч ажиллах тухай мэдээлэл хийж, өмнөх онуудад үйлчилгээ үзүүлж байсан дэлгүүрүүдийн туршлагын талаар харилцан мэдээлэл солилцохын зэрэгцээ Төрийн банк хүнсний эрхийн бичгийн цахим картын хэрэглээ болон пос машины талаар мэдээлэл өгсөн нь уулзалтын ач холбогдлыг өсгөв.
Гэрээ байгуулсан дэлгүүрүүд дүүргийн хүн амын хамгийн бага хэрэглээтэй хэсэг болох 421 өрхийн 2405 иргэнд ХАХНХ-ын сайдын 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/20 дугаар тушаалын дагуу хүүхдэд 6500, том хүнд 13000 төгрөгөөр тооцон хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ үзүүлэх юм.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ХАЛАМЖ,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС