Баянзүрх дүүргийн тулгамдсан асуудлын нэг хог тээвэрлэлт байдаг. 304 мянган хүн амтай, 87 мянган өрхтэй тус дүүрэгт Нийтлэг үйлчилгээний дөрвөн газар ажиллаж, иргэд, өрх, аж ахуйн нэгжийн хогийг цэвэрлэж, тээвэрлэдэг.
Дүүргийн нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтөөс үүссэн хур хог, аж ахуйн нэгжийн хашаа, гудамж талбай, гол усны ай сав дагасан үүсмэл хог, орон сууц, гэр хорооллын өрхийн хог, үерийн далан, хамгаалалтын шуудуу дагасан үүсмэл хог гэх мэтээр хөндлөнгийн шалтгаантай ачаалал нэмэгддэгээс Нийтлэг үйлчилгээний газруудад хог тээвэрлэлтийн машин, техникүүд дутагдалтай байдаг.
Тиймээс дүүргийн Засаг даргын Тамгын газраас хөрс дагтаршуулагч индүү, дугуйт экскаваторыг Нийтлэг үйлчилгээний газарт өнөөдөр хүлээлгэн өглөө. Хөрс дагтаршуулагч далангийн “ХАММ 3412” загварын индүү нь цаг агаарын -25, +45 хэмийн халуун, хүйтэн нөхцөлд ажиллах бүрэн чадалтай бөгөөд Герман улсад үйлдвэрлэжээ. Харин дугуйт экскаватор нь цаг агаарын -45, +45 хэмд ажиллах хүчин чадалтай аж.