Манай улсад зам тээврийн ослын улмаас жилд 503 хүн зуурдаар нас бардаг байна. Энэ тоо жилээс жилд нэмэгдэж буйг НЗЦГ-аас иргэдэд анхаарууллаа. Нийслэлийн хэмжээнд хамгийн их авто осол гардаг хэсэг бол “Хан-Уул” дүүргийн Нисэх-Яармагийн зам аж. Учир нь уг зам шинэчлэгдсэнээс хойш 20 гаруй хүн зуурдаар хорвоог орхижээ. Тиймээс “Хан-Уул” дүүргийн цагдаагийн II хэлтэсээс өнөөдөр V хорооны оршин суугчдад НЗЦГ-тай хамтран “зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг явууллаа.
Хан-Уул” дүүргийн II хэлтэсийн дарга Э.Бөхбат “Энд хүрэлцэн ирсэн та бүхнийг биднээс олж авсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай мэдлэг, мэдээллээ цааш нь нижгээд хүмүүст дамжуулах чадвартай гэж ойлголоо. Өнөөдөр автозамын осолд өртөж амь насаа алдаж буй хүмүүсийн 80-90 хувь нь хүүхэд, эсвэл замын хөдөлгөөний тухай ямар ч мэдээлэлгүй хүмүүс байдаг. Тухайлбал, автозамын осол хамгийн их гардаг Нисэх-Яармагийн хэсэгт ослоор амиа алдсан 20 гаруй хүний нэг нь л гарцаар гарсан байдаг. Манай улс дэлхийн бусад орны хөгжилтэй харьцуулахад явган зорчигчийн замын хөдөлгөөнд аюулгүй оролцох эрхзүйн орчин бүрдээгүй. Иймд иргэд өөрсдөө, үр хүүхдэдээ замын хөдөлгөөнд анхааралтай оролцох хэрэгтэй” гэв. Мөн автозамын осол жилээс жилд нэмэгдэж буй гол шалтгаан нь жолооч нарын амин хувийн сэтгэлгээнээс болж байна.