Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэх агентлагаас Нийслэлийн архивын газартай хамтран төрийн албан хаагчдад зориулан “албан бичиг боловсруулалт”-ын талаар сургалтын жил бүр зохион байгуулдаг.Уг сургалтыг өнөөдөр “Хан-Уул” дүүргийн Тамгын газар болон дэргэдэх хэлтэс албадын мэргэжилтнүүдийн дунд явууллаа. Нийслэлийн Архивын газраас жил бүр оны сүүлчээр Төрийн байгууллагуудад шалгалт хийдэг байна. Шалгалтын үеэр ихэвчлэн тамга тэмдгийн алдаа, гарын үсэгний баталгаагүй байдал, нэр төрлийн асуудал, ажлын тушаалыг хольж солих, хариутай бичгийн шийдвэрлэлтийн мэдээнд хариу байхгүй гэх мэт алдаанууд гардаг аж. Төрийн алба хаагчид нь албан бичгийг хар буюу хөх өнгийн үзгэн балаар бичих ёстой байдаг боловч сүүлийн үед өнгө өнгийн үзгэн бал хольж бичсэний улмаас бичгийн соёл алдагдсан байна. Үүнийг хэрхэн зөв бичих, тамга тэмдгийг ялгах тухай сургалтын үеэр заасан юм. Уг сургалтыг Нийслэлийн архивын газрын заах аргазүйн мэргэжилтэн Н.Оргилболд удирдан явуулсан .Тэрбээр “Бид Төрийн 80 гаруй байгууллагын жилийн эцсийн тайланг оны эхэнд буюу нэгдүгээр сард жил бүр авч, шалгалт явуулдаг. Шалгалтын үеэр гарсан алдаа, зөрчил дээр бид дүгнэлт, мониторинг хийсний үндсэн дээр төлөвлөгөөт сургалтыг төрийн албан хаагчдад зохион байгуулдаг. Мөн бид тэр бүрчлэн шалгалт хийгээд байх боломжгүй. Иймд хамгийн их алдаа гаргадаг байгууллага нь төрийн байгууллага. Учир нь тогтсон нэг газар байдаггүй. Түүнчлэн үг үсгийн алдаа сүүлийн үед их анхаарал татах болсон. Маргаантай үгний хувьд 1988 оны зөв бичгийн дүрмээр явах ёстой” гэв. Сургалтад хамрагдсан төрийн алба хаагчдын эргэлзээг төрүүлж буй зүйл нь Монгол хэлний зөв бичих дүрэм, маргаантай бичигдсэн 700 үгний тухай байв.